Дэлхийн аз жаргалын эвслийг байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-13 15:10:57
АСТАНА. /КАЗИНФОРМ/. Өчигдөр Дубай хотод эхэлсэн 6 дахь удаагийн "Дэлхийн засаглалын дээд хэмжээний уулзалт"-ын үеэр Арабын нэгдсэн эмирт улс /АНЭУ/, Казахстан, Коста-Рика, Мексик, Португал болон Словени улс "Дэлхийн аз жаргалын эвсэл"-ийг байгуулж байгаагаа зарласан тухай “КАЗИНФОРМ” агентлаг мэдээлэв.

Орчин үеийн дэвшилтэт технологийг янз бүрийн салбарт нэвтрүүлэх асуудлуудыг хэлэлцэж буй уг чуулга уулзалтад нийт 140 орноос ирсэн 4 мянга гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд тэдний дунд дэлхийд тэргүүлэх шинжлэх ухаан, техник, технологийн корпорацийн төлөөлөгчид болон олон улсын байгууллагуудын тэргүүнүүд багтсан байна.

Дэлхийн аз жаргалын эвслийг байгуулах тухай хэлэлцээрт дээрх 6 улсын сайд нар гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд АНЭУ-ын Ерөнхий сайд бөгөөд Дубайн Эмирт улсын тэргүүн Мухаммед бен Рашид аль Мактум биечлэн оролцсон байна. 

“Дэлхийн аз жаргалын эвсэл нь хүн бүрт сайхан ирээдүйг бүрдүүлэхэд чиглэсэн дэлхий нийтийн хүсэлд үйл ажиллагаагаа нийцүүлэх гэсэн АНЭУ-ын хүсэл эрмэлзлийг илэрхийлнэ. Хүмүүсийн амьдралыг сайжруулж, аз жаргалтай болгохыг зорьсон шинэ хандлага болон механизмыг бий болгохын тулд засгийн газруудын хүчин чармайлтыг нэгтгэх цаг болжээ. Ард түмний аз жаргалтай байдлыг бид засгийн газрын үйл ажиллагааны үр дүн, түүний бодлого, хөтөлбөрүүдийг үнэлэх чухал үзүүлэлт гэж ойлгодог. Дэлхийн аз жаргалын эвсэл нь дэлхий дахинд эерэг өөрчлөлт авчирна гэж бид найдаж байна” хэмээн Дубайн Эмирт улсын тэргүүн ярьжээ. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ