Нийслэлийн төр, захиргааны болон харьяа байгууллагуудыг Яармаг орчимд шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-02-22 17:35:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаан 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр боллоо.

НИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр /Яармаг шинэ төв/-т шилжүүлэн байршуулах бэлтгэлээ шуурхай хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.
Энэ нь хотын төвийн хэт төвлөрөл, автомашины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахаас гадна хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалын шинэ төв байгуулах, иргэдэд нутгийн захиргааны үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг зорилготой юм.
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад 1933 хүн ажилладаг бөгөөд өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Яармагт шилжүүлснээр үйлчилгээ авах гэсэн дээрх хэдэн мянган хүн хотын төвийг зорих шаардлагагүй болох юм.

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” үр дүнгээ өгч байна

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн 2017 оны жилийн эцсийн байдалтай танилцлаа. Хугацаандаа хэрэгжээгүй удаашралтай байгаа ажлуудыг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
Хөтөлбөрт тусгасан 204 арга хэмжээний 136-ыг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн бол энэ оны эхний хагаст 68-ыг нь хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө болон дараа үеийн макро эдийн засаг, нийгмийг гол үзүүлэлтүүдийг харьцуулахад эерэг үр дүн гарсан байна.
Тухайлбал эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсвийн алдагдал, алдагдлын Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь буурсан, гадаад худалдааны эргэлт, экспорт, валютын нөөц нэмэгдэж ханш тогтворжсон, төгрөгт итгэх итгэл сэргэж, төгрөгийн хадгаламж өссөн, зээлжих зэрэглэл сайжирсан, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх нөхцөл бүрдсэн байна.

Товч мэдээ

-  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллах үед иргэд, байгууллагаас тавьсан санал, хүсэлтүүдийг судалж шийдвэрлэхээр болов. Хэрлэн, Баруун-Урт суманд ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг байгуулж зориулалтын автомашинтай болох, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг түргэн тусламжийн машин, Сүхбаатар аймгийн Хөгжим жүжгийн театрын барилгад их засвар хийж, техник, хэрэгслээ шинэчлэх хүсэлт гаргасан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Холбоотой мэдээ