Шарын гол сум ЭМТ-ийнхөө техник, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-02-22 22:43:20
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Хүн амын хувьд улсдаа дээгүүрт ордог Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн /ЭМТ/ аймаг, сумын ЗДТГ, гадаадын улс орны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжинд хамрагдан өнгөрсөн онд нэн шаардлагатай техник тоног төхөөрөмжүүдээ шинэчилж чадсан байна.

Тодруулбал Австралийн буцалтгүй тусламжаар 47 нэр төрлийн 100 сая төгрөгийн тоног төхөөрөмж , эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгдсэн ажээ. Үүнд эрүүл мэндийн төвд шаардлагатай зөөврийн рентген машин, бүрэн автомат тохируулгатай эмнэлгийн ор, эм тарианы түрдэг тэрэг, өвчтөн зөөдөг тэргэнцэр зэрэг 40 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмж багтжээ.

Мөн аймгийн хөрөнгө оруулалтаар 30 сая төгрөгийн өртөгтэй өвчтний ор, шүүгээ, орчин үеийн ЭХО оношлогооны шаардлага хангасан 3D аппараттай болжээ. Түүнчлэн хөдөө алслагдсан айл өрхүүдэд хүрч ажиллахад машин унааны асуудал хүндхэн байсныг шийдүүлж Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 29,7 сая төгрөгийн Фургон автомашинтай болсон байна. 
2018 онд тус салбарт төлөвлөсөн ажлуудаас товч дурдвал эрүүл мэндийн шинжилгээний лабораторийн шинэчлэлийг хийхээр төлөвлөж 3 сарын 1-ны өдрөөс эхлэн биохими, шээс, цусны анализаторийг байршуулж ажиллуулахаар төлөвлөжээ.

Ингэснээр сумын иргэд дээрх шинжилгээг өгөхийн тулд 60 орчим км замыг туулж аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэгт очих шаардлагагүй болж байгаа юм.

Шарын гол сум нь 9000 орчим хүн амтай. Эрүүл мэнд төвд сард 60-70 иргэн хэвтэн эмчлүүлдэг ажээ.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ