“Дөрвөлжин урлан” нөхөрлөл сумынхаа гэрийн цагаан бүрээсний хэрэгцээг хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-23 01:46:31

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Дөрвөлжин сумын 17 эмэгтэй нэгдэж  “Дөрвөлжин урлан” нэртэй нөхөрлөлийг байгуулжээ. Тэд сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн зээл авч эсгий, зөөлөн оёдол, гар урлал, гутлын дөрвөн цехийг ажиллуулж байна. Эдгээр эмэгтэйчүүд өнгөрсөн жилийн тавдугаар сард аймгийн Политехник коллежийн оёдлын багш нараас 14 хоногийн сургалт авснаар ийнхүү өөрсдийн ажлын гараагаа эхлүүлжээ.
Эсгий, зөөлөн оёдол, гар урлал, гутлын цех тус бүр таван сая төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар сумынхаа иргэдээс захиалга авч үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Тухайлбал зөөлөн оёдлын цех дөрвөн хүнийг тогтмол ажлын байраар хангаж байгаа ба давхар оёдолтой гэрийн дотуур, гадуур цагаан бүрээс, хөнжлийн углаа даавуу, хувцас захиалга, засвар зэрэг сумынхаа иргэдэд хэрэгцээтэй оёдлын бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлдэг ажээ.  Мөн тус нөхөрлөл Политехник коллежийн суралцагчдыг зуны амралтаар нь ажлын байраар хангадаг байна. Тэд бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарлаа хандуулдаг бөгөөд гэрийн цагаан бүрээсэндээ хамгийн багадаа гурван жилийн баталгаа өгдөг ажээ. Цаашид тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөтгөвөл олон төрлийн оёдол хийхээс гадна аймгийн хэмжээний гэрийн цагаан бүрээсийн эрэлтийг хангаж олон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах боломжтой гэнэ. Эмэгтэйчүүд энэ оны эхээр дахин 14 хоногийн сургалтанд хамрагдаж монгол, европ загварын төрөл бүрийн хувцас захиалгаар хийж эхэлнэ. Тиймээс эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж чадвал үйлдвэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтой болно хэмээв.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ