"Бүжгийн ертөнц-2018" уралдаан зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-01 15:34:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөгжимт Драмын Театрт "Бүжгийн ертөнц-2018" уралдааныг хоёрдугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Уралдаанд 6-16 насны 70 гаруй хүүхэд оролцжээ. Уг арга хэмжээний зорилгыг аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол дуучин, ерөнхий зохион байгуулагч С.Лайла: "Бүжиг бол урлагийн бусад төрлүүдтэй харьцуулахад өөрийн гэсэн онцлогтой, хэн бүхний аваад явчихдаг ажил биш. Аль нэг үндэстний уламжлал, зан заншил, амьдрал ахуйг бүжгээр нь шинжилж  мэдэж болно. Тийм учраас хүүхэд багачуудад бүжгийн урлагийг сурталчлах, сургах нь маш чухал ач холбогдолтой. Театрын ирээдүйн боловсон хүчнүүдийг бэлтгэх, хүүхдүүдийн бие бялдарыг хөгжүүлж, тайзан дээр болон олон нийтийн өмнө биеэ зөв авч явахад нь туслах зорилгоор тус уралдааныг зохион байгуулсан" хэмээн тайлбарлалаа.  

Уралдаанд шүүгчдийн шийдвэрээр Өлгий сумын гуравдугаар бүрэн дунд сургуулийн сурагч Н.Лаурад "Гран-при" шагнал хүртээжээ. Мөн 6-9 насны ангилалд Б.Мадина, 10-13 насны ангилалд М.Жансая, 14-16-насны ангилалд Б.Аяулы нар тус тус тэргүүлсэн байна. 

Зохион байгуулагчид уг уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа илэрхийлээд байна.  

Ө.Нурболат

Холбоотой мэдээ