400 гаруй иргэн идэвхтэй ажил хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-01 19:02:51
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар/ХХҮГ/-ын хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс дээр 400 гаруй иргэн идэвхтэй ажил хайж бүртгүүлжээ.
Мөн идэвхгүй бүсэд буюу ажил хайгчаар бүртгүүлээд хасалт хийлгээгүй 4000 гаруй иргэн байгаа гэж мэдээллээ.
ХХҮГ-ын дэргэд  олон улсын санхүүжилтээр залуучуудын хөдөлмөр дэмжих загвар төв байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Уг төвөөр дамжуулан хөдөлмөр эрхлэхийг хүсэж байгаа хүмүүст сургалт явуулан ажлын байранд зуучлах давуу талтай юм. Тэрээр эхний сургалтаа явуулж 20 залууг сонгон ажлын байранд зуучлаад байгаа аж. Уг сургалтыг үргэлжлүүлэн энэ сарын 5-нд дахин эхлэх юм байна. Тус сургалтанд хамрагдсан залуучууддаа ажиллах боломж нөхцөлүүдээ судлан хөдөлмөрийн зах зээлийн мэдээллүүдийг бүрэн авах, анкет бөглөх, ажлын ярилцлаганд хэрхэн амжиллтай орох, ажил олгогч байгууллагатай уулзах, сайн туршлагыг хуваалцах, бусадтай мэдээлэл солилцох зэрэг сургалт лекцийн үйл ажиллагааг явуулдаг юм байна.
"Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төвд хандсанаар хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөтэй болох,  хөдөлмөр эрхлэх ур чадвараа үнэлүүлэх, ажил идэвхитэй хайх арга техник эзэмших, бусадтай туршлага сургамжаасаа хуваалцаж, ажлын ярилцлагад амжилттай оролцох талаар мэдлэг мэдээлэлтэй болно" гэж ХХҮГ-ын ХЭХ-ийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Э.Болорцэцэг ярилаа.
Энэ удаагийнхаа сургалтанд 18- 34 насны залуучуудыг бүртгэж байгаа юм байна.  
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ