Өсвөр үеийн жүдо бөхийн аймгийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-05 16:36:12
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын нэрэмжит "Аваргын гараа" өсвөр үеийн Аймгийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн энэ амралтын өдрүүдэд Улаангом хотноо болж өнгөрлөө. Тэмцээнд Тэс, Баруунтуруун, Зүүнговь, Түргэн, Хяргас, Малчин, Тариалан, Өндөрхангай, Бөхмөрөн, Давст, Наранбулаг, Цагаанхайрхан, Зүүнхангай сумдын болон аймгийн төвийн ЕБС-иудын, Улаангом политехник коллежийн зэрэг 20 байгууллагын 340 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Эмэгтэй 10 жинд 102 тамирчин, эрэгтэй 14 жинд 240 тамирчин өрсөлдсөн уг тэмцээний эмэгтэйчүүдээс багийн дүнгээр 1-р байрыг Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн баг, 2-р байрыг Н.Эрдэнэтогтох дасгалжуулагчтай Баруунтуруун сумын Ахлах сургуулийн баг, 3-р байрыг С.Дугармаа дасгалжуулагчтай Зүүнговь сумын “Бор арслан” клуб тус тус эзэлсэн байна.
Харин эрэгтэй багуудаас 1-р байрыг мөн л Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Цогцолбор 2-р сургуулийн баг, 2-р байрыг Б.Баттулга дасгалжуулагчтай тус сумын ахлах сургуулийн баг, гуравдугаар байрыг Ю.Баттогтох дасгалжуулагчтай Улаангом политехник коллежийн “Улаан гуталт” дэвжээ тус тус эзэлжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ