“Залуус хөгжлийн эхлэл” Жаргалтхаан сумаас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-06 17:01:33
Хэнтий /МОНЦАМЭ/. “Залуус хөгжлийн эхлэл” хөтөлбөрт арга хэмжээг Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан хэрэгжүүлж эхлэх гэж байна.

Энэ сарын есөнд Жаргалтхаан сумаас гараагаа эхлүүлэх тус үйл ажиллагааг 29-нийг хүртэлх хугацаанд бүх сумдад зохион байгуулахаар төлөвлөжээ.

Арга хэмжээний үеэр “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”, “Хэнтий аймгийн залуучуудын дэд хөтөлбөр”-ийг танилцуулан, эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг хийж, сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөө тусламж өгч, урлаг соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж.

Хэнтий аймаг 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, зохион байгуулах  хороог  томилсон бөгөөд гишүүдээр нь тус аймгийн агентлаг, хэлтэс, газрын 18 дарга томилогдон ажиллаж байгаа юм.

Тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, залуучууд, гэр бүлийн чиглэлээр тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх, Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх хариуцлагатай гэр бүлийг дэмжин, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудыг хөгжих, сурах, хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлөөр хангах, төрийн үйлчилгээг гэр бүлд хүргэх зорилгоор ийнхүү захирамж гаргасан аж.

“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд энэ мэтчилэн олон ажил арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулсаар байна.
 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ