Хөгжлийн банкаар санхүүжүүлсэн төслүүдийн ихэнх нь хууль зөрчсөн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-25 15:30:48

УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нар оролцож, "Чингис", "Самурай" бонд, Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн шалгалтын дүнгийн талаар мэдээллээ.

Өнөөдөр товлосон Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, Хөгжлийн банкны үйл ажиллагааны байдалтай танилцаж санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулах ёстой байсан ч ирц бүрдэлгүй энэ асуудал хойшилсон байна. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж, Г.Батхүү, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Я.Санжмятав, Г.Уянга, Л.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар нарын гишүүд бүрэлдэхүүнд орж ажиллажээ.

Өнгөрөгч хугацаанд ажлын хэсэг таван удаа хуралдаж, 10 гишүүний дөрөв нь дүгнэлтэд гарын үсэг зурсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээлэхдээ "Хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадаагүй мэтээр буруу мэдээлэл хийлээ. Хурлын тэмдэглэлийг гишүүдэд тараасан. Энэ асуудал хоёр удаа хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон хэрнээ яагаад хойшлогдсон, АН-ынхан картаа сугалж гараад асуудлыг хойшлуулах байдлаар хандаж байгааг ойлгохгүй байна, бас харамсаж байна. Ажлын хэсгийн гишүүд таван удаа хуралдахад бүгд байр сууриа илэрхийлсэн" гэлээ.

Ажлын хэсэг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан 4 дүгнэлтэд үндэслэн дүгнэлтээ гаргасан. Ямар нэг улс төрийн ашиг хонжоо хайсан, хэн нэгнийг буруутгасан зүйл байхгүй, улс төрийн зорилгоор ажлын хэсэг ажиллаагүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэж Л.Энх-Амгалан гишүүн онцлов.

УИХ-ын харьяа байгууллага болох Үндэсний аудитын газрын дүгнэлтийг хэлэлцэхгүй байна. Хөгжлийн банкаар санхүүжүүлсэн бүх төсөл, хөтөлбөр УИХ-аар батлагдах хуультай, гэтэл ихэнх нь Засгийн газрын тогтоол шийдвэрээр санхүүжилт олгогдсон байна. Зарим тохиолдолд Засгийн газрын тогтоолгүйгээр санхүүжүүлсэн байна гэж гишүүд мэдээллээ.

 

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ