Сангийн сайд асан С.Баярцогт мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-03-21 12:56:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт өөртэй нь холбоотой үүсээд буй асуудлаар 14 цагаас Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийхээр зарлалаа.

Хоёр хоногийн өмнө Ройтерс агентлаг Рио Тинто корпорациас Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Швейцарийн дээд шүүхээс С.Баярцогтын тус улсын банкин дахь дансуудыг битүүмжилсэн тухай мэдээлсэн. Битүүмжилсэн дансуудын нэгээр 2008 оны есдүгээр сард 8.2 сая евро буюу 10.1 сая ам.доллар шилжүүлжээ. Энэ нь нэг төрлийн мөнгө угаасан хэрэг хэмээн үзэж буйгаа тус улсын прокурорууд мэдэгдсэн юм.

Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Швейцарийн Ерөнхий прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг мөн өчигдөр мэдэгдсэн. Түүнчлэн Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, тус намын даргын шийдвэрээр С.Баярцогтыг намын гишүүнээс нь чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл үүсээд буй дээрх нөхцөл байдлуудтай холбогдуулан С.Баярцогт өөрийн биеэр тайлбар, мэдээлэл хийхээр болоод байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ