Орон даяар зарлан мэдээллийн дохиогоор ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-22 17:42:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд энэ сарын 29-ний 16.00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль болно.

Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх шаардлагатай. Тиймээс Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай юм.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулна. Эхний түгшүүрийн дохио дуугархад иргэд “суу, нуугд, хүлээ” дүрмийн дагуу шил, цонхноос хол, бат бөх ширээн доор нуугдана. Хэрэв гудамж талбайд байвал гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдох, тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд автозамаас гарч түр хүлээх шаардлагатай. Харин хоёр дахь түгшүүрийн дохио дуугарахад иргэд толгойгоо халхлан, цуваанд орж “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмийн дагуу барилгаас гарна. Гурав дахь түгшүүрийн дохио дуугарахад иргэд өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг өгөх үүрэгтэй юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ