“Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг угтан семинар зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2018-03-22 19:26:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг угтан Монголын уушиг судлалын нийгэмлэг, Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, АШУҮИС, БНСУ-ын Католок Их Сургуультай хамтран “Сүрьеэ ба уушгины үрэвсэл: оношилгоо, ялган оношилгоо эмчилгээний асуудал” сэдэвт Олон улсын сургалт, семинарыг зохион байгуулжээ.

Энэхүү семинарт Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн дотор, уушиг судлалын чиглэлтийн 180 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд урилгаар БНСУ-ын Католок их сургуулийн Профессор Chung, Myung Hee, Kim, Ju Sang, Myong, Jun Pyo нар болон АШУҮИС-ийн Доктор, Профессорууд сонирхолтой лекц уншиж танилцуулсан байна.
Дэлхий нийтэд жил бүр сүрьеэгийн 10.4 сая орчим тохиолдол шинээр бүртгэгддэг бол 1.8 сая хүн уг өвчний  улмаас хорвоог орхиж, одоогоор дэлхийн нийтийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэгээр тооцогдож байна. Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхийн улс орнууд 1998 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 24-ны өдрийг “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн иржээ.
Н.Туяа
Холбоотой мэдээ