Булган аймагт төлөвлөлтгүй нутагт газар олгохгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-26 18:25:38
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймаг, сумын төв дотор иргэн аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах, мөн өвөлжөө, хаваржааны болон газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээс бусад газрыг түр хугацаагаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж батлахыг хориглосон шийдвэр гаргасан байна.
-Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлах хүртэлх хугацаанд сум тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төлөвлөлт хийгээгүй газрыг тусгаж батлахыг  түр хугацаагаар хориглоод байгаа юм. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжийн санал болгоснооор төв суурин газраас алс, ирээдүйд томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгдэх магадлалтай нутагт газар түр олгохгүй байна гэсэн үг. Аймгийн газар зохион байгуулалтын Ерөнхий төлөвлөгөө 11 жилийн хугацаатай хэрэгжээд дууссан. Шинээр газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийж батлуулах юм гэж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хэлтсийн дарга С.Наранбаатар ярилаа.
Тус аймгийн ИТХ-ын хуралдаан өнгөрсөн онд “аймгийн газар зохион байгуулалтын Ерөнхий төлөвлөгөөг өнөөгийн цаг хугацааны хувьд үүргээ гүйцэтгэсэн бөгөөд цаашид баримтлан ажиллах шаардлага хангахгүй болсон учир шинэчлэх шаардлагатай” гэж дүгнэсэн юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ