Арвайхээрт өрхийн эмнэлгийн тоог нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 08:48:11

Арвайхээр сумын хүн ам нэмэгдсэнээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн тоо хүрэлцэхгүйд хүрч байна. Тиймээс нэг өрхийн эмнэлгийг шинээр байгуулах шийдвэрийг аймгийн ИТХ-аас гаргаж, Эрүүл мэндийн газраас Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэг шалгаруулах тухай сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа юм.

Тендерт шалгарсан Өрхийн эрүүл мэндийн төв нь Засгийн газрын  2011 оны 364 дүгээр тогтоолоор батлагдсан “Өрхийн өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 4,5,6 дахь заалтын дагуу  эмнэлгийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэх  үндсэн чиг үүрэгтэй ажиллах бөгөөд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээтэй, мэргэжлийн чадварлаг бага бүрэлдэхүүн байх шаардлагыг тавьжээ.

Арвайхээр сум нь одоогоор өрхийн 5 эмнэлэгтэй. Хууль, дүрмээр нэг эмчид 1800-2000 хүн ноогдох ёстой бол дээрх таван өрхийн эмнэлгийн нэг эмчид 2020-2280 хүн, нэг сувилагчид 900-1000 хүн ноогдох ёстойгоос 1649-2525 хүн үзүүлж байгаа нь өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачааллыг ихэсгэж тэр хэрээр тусламж үйлчилгээний чанарыг бууруулж байна хэмээн үзэж байгаа юм. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ