"Авилгагүй нийгмийн төлөө"-х аяны шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-04-04 12:19:38
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс хоёр дахь жилдээ “Авлигагүй нийгмийн төлөө” аяныг зохион байгууллаа.
Аяны хүрээнд “Авлига ба хууль зүйн салбарт тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Авлига бидний нүдээр” эссэ бичлэгийн уралдаан, “Авлигын эсрэг онч мэргэн үг” шалгаруулах цахим уралдааныг зарлаж, дүнгээ гаргажээ.
“Авлига ба хууль зүйн салбарт тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд тэргүүн байрыг эзлэх илтгэл байгаагүй хэмээн шүүгчид дүгнэсэн бөгөөд дэд байрт ГХБХБГ-ын мэргэжилтэн Ж.Сүглэгмаа, гутгаар байрт Эрдэнэмандал сургуулийн багш Б.Долгормаа, Л.Баясгалан нар шалгарчээ.
Харин авлигын эсрэг онч мэргэн үг шалгаруулах цахим уралдаанд “Авлига чи ардын засгийг үүрээ болгосон, авлига чи албаны ажлыг найраа болгосон, авлига чи аавын хүүг ажилгүй болгосон, авилга чи аварга цолтонг ч хожилгүй болгосон” гэсэн үгийг бичсэн П.Жамъяанпүрэв тэргүүн байрт шалгарсан байна.
ЕБС-ын сурагчдын дунд зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байрыг Номгон ахлах сургуулийн 12д ангийн сурагч Ц.Хулангоо эзэлж, дэд байрыг Номгон ахлах сургуулийн 12а ангийн сурагч Б.Жавзанзаяа, гутгаар байрыг Эрдэнэмандал ахлах сургуулийн 10б ангийн сурагч А.Адилзаяа эзэлжээ.
Тус аянаар дамжуулан төрийн байгууллагын албан хаагчид, иргэдийн дунд авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль тогтоомжийг олон талт арга хэлбэрээр сурталчлах, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангуулах, цахим хуудасны баяжилтыг хангуулах, төрийн байгууллагын мэдээ мэдээллийн иргэдэд хүртээмжтэй хүргэхийг зорьдог байна.
                                                                                                                      Б.Мөнхзул
Холбоотой мэдээ