Сэтгэлийн хямралаа мексикчүүдэд гаргахгүй байхыг Д.Трампт хандан уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-06 11:22:50
МЕХИКО. /ТАСС/. Дотоод бодлогын хүндрэлтэй асуудлуудаас үүдэлтэй сэтгэлийн хямралаа мексикчүүдэд гаргахгүй байхыг Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт хандан уриалжээ. Д.Трамп АНУ-ын Мексиктэй залгаа хилийг хамгаалахад Үндэсний гвардын цэргийн албан хаагчдыг дайчлах тухай шийдвэр гаргасны хариуд тэрбээр ийнхүү уриалсан байна.

“Хэрэв таны саяхан хийсэн мэдэгдлүүд танай дотоод бодлогын асуудал, танай хууль, Конгресстой холбоотой бол мексикчүүдийн эсрэг үйлдэл хийхийн оронд дотоодын хуримтлагдсан асуудлуудаа шийдвэрлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Сөрөг үгээр бидний  үйл ажиллагааг тодорхойлохыг бид зөвшөөрөхгүй” гэж Мексикийн төрийн тэргүүн хэлсэн аж.
 
Түүнчлэн тэрбээр “бид АНУ-тай тохиролцоонд хүрч, “нухацтай, шударга, ажил хэрэгч” яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” хэмээн мэдэгджээ.  
 
Мансууруулах бодис, хориотой бараа, дээрэмчид, гэмт хэрэгтнүүд болон хууль бус цагаачид олноороо орж ирэх урсгалыг хаахад чиглэсэн арга хэмжээ авах зорилгоор Д.Трамп АНУ-ын Мексиктэй залгаа хилийг хамгаалахад Үндэсний гвардын цэргийн албан хаагчдыг дайчлах тухай захирамж бүхий санамж бичигт өнгөрсөн лхагва гарагт гарын үсэг зурсан юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ