ОХУ-ын нэрт төгөлдөр хуурч В.Холоденко Монголд тоглолтоо хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunzaya@montsame.mn
2015-09-08 17:47:53

УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 4-нд ОХУ-ын нэрт төгөлдөр хуурч Вадим Холоденко “Соло концертын үдэш” сонгодог хөгжмийн тоглолтоо толилуулав.

Хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ойд зориулсан түүний тоглолт хоёр хэсгээс бүрджээ. Тэрээр тоглолтын эхний хэсэгт соло бүтээлээ хүргэсэн бол хоёрдугаар хэсэгт симфони оркестртой тоглосон нь үзэгчдийг уйдаасангүй. Вадим Холоденког “Гранат” мюзик продакшны уран бүтээлчид урьж ийнхүү тоглолтыг нь  зохион байгуулжээ. Тус продакшнаас  дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг эх орондоо урьж, сонгодог урлагийн бүтээлүүдийг сорчлон хүргэхээр төлөвлөж буй аж.  Түүний тоглолтыг Улсын филармонийн симфони найрал хөгжмийн удирдаач Б.Анар удирдан явуулжээ. Вадим Холоденко нь өдгөө АНУ-д ажиллаж амьдардаг бөгөөд багадаа Украйны нийслэл Киев хотод хөгжмийн дунд сургуульд суралцаж, Москвагийн  Чайковскийн консерватурт 8 жил сурч төгсчээ. Тэрээр дэлхийн томоохон уралдаан тэмцээнд Гран-при, тэргүүн, дэд байрын шагнал хүртсэн байна.  Мөн Холоденко алдарт төгөлдөр хуурч Вэн Клиберны нэрэмжит олон улсын тэмцээнд нэгдүгээр байрт шалгарч,  4 жилийн хугацаанд дэлхийн томоохон хотуудад 100  гаруй аялан тоглолт хийх, CD  бичлэгээ бичүүлэх эрхээр шагнуулжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд