Н.Ургамалсувд:Шатахууны үнийн нөлөө буурсан нь инфляци тогтворжих гол хүчин зүйл болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-04-10 15:18:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2016 онд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнэ буурах үзэгдэл буюу дифляцитай байсан бол 2017 оноос инфляцийн түвшин эрчимжиж зорилтот түвшинд хүрч тогтворжлоо хэмээн  Төвбанкны удирдлагууд инфляцийн төлөв байдлын тайланг танилцуулах үеэр мэдэгдлээ. 

Төвбанк 2018-2020 оны үндсэн чиглэлд инфляцийн түвшинг 8 хувьд  барих бодлогыг хэрэгжүүлж байгаа аж.

Инфляцийн түвшинг тодорхойлох гол үзүүлэлт бол хэрэглэгчийн үнийн индекс бөгөөд өнгөрсөн онд хэрэлэгчийн эрэлт, хэрэглээн дээр тулгуурлан сагсны төрөлд шинэчлэл хийсэн билээ.Эл шинэчлэлээр Улаанбаатарт 344 нэр төрлийн бараа, үйлчилгээг багтаасан бол аймаг орон нутагт 238 нэр төрлийн бараа, үйлчилгээгээр хэрэглэгчийн үнийн индексийг тооцож байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд ярихдаа, “2017 онд инфляци эрчимжих гол шалтгаан нь онцгой албан татвар өссөнтэй холбоотой. Тодруулбал приус автомашины үнэ өссөн бөгөөд үүний улмаас дугуйны үнэ нэмэгдсэн. Мөн зуншлага муу байсны улмаас өнгөрөгч оны 8, 9 дүгээр сард махнаас бусад хүнс буюу хүнсний ногоо, сүү зэрэг бүтээгдэхүүний үнэ өссөн нь нийлүүлэлтийн шинжтэй инфляцийн өсөлтийг бий болгосон. Энэ өсөлт одоог хүртэл хадгалагдаж байна. Түүнчлэн уул уурхайн нөлөөллөөр уул уурхайн бус салбарын өсөлт сүүлийн таван улиралд эрчимжсэн нь хөдөлмөрийн зах зээл дээр ажилгүйдлийг бууруулах гол хүчин зүйл болов. Дээрх хүчин зүйлс нь эдийн засгийн өсөлтийг харуулж буй чанарын үзүүлэлт юм. Монголбанкнаас гаргасан судалгаагаар 2018 онд инфляци зорилтот түвшинд тогтворжих хүлээлт байна. “Приус” буюу цахилгаан хөдөлгүүрт автомашины онцгой албан татварыг тэглэснээр импортын барааны үнэ буурах төлөвтэй байгаа. Түүнчлэн он гарсаар шатахууны үнийн нөлөө буурсан нь инфляци тогтворжих гол хүчин зүйл болсон” гэв.

2018 оны I улирлын инфляцийн төлөв байдлын тайлангийн хуралд эдийн засагчид мэргэжилтнүүд болон зах зээлийн оролцогчид оролцов. Төвбанк цаашид инфляцийн тайланг улирал бүр нээлттэй танилцуулж байхаа мэдэгдлээ. 

 
 Б.Ундармаа
Холбоотой мэдээ