Иргэд өөрийн нохойндоо хазуулах тохиолдол нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-04-13 16:58:41
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвд нохойд хазуулан ирж байгаа иргэдийн дотор өөрийн нохойндоо хазуулсан иргэдийн тоо нэмэгдэж байгаа гэнэ. Энэ нь хаврын улиралд араатан амьтаны зан араншин өөрчлөгдөж буйтай холбоотой учраас өөрийн эзэмшлийн нохойндоо болгоомжтой хандаж байхыг Халдвар судлагч эмч Д.Эрдэнэчимэг зөвлөж байна.
Тус аймгийн хэмжээнд он гарсаар 40 гаруй иргэд нохойд хазуулсан гэж бүртгүүлсний дотор Мөрөн суманд 28 иргэн нохойд хазуулж вакцинд хамрагдсаны 20 иргэн нь өөрийн нохойндоо хазуулжээ. Мөрөн сумын ИТХ-ын тэргүүлэгчдээс 2017 оны 4 сард гэрийн тэжээвэр нохой эзэмших журам гаргасан байна. Тус журамд өөрийн эзэмшлийн нохойг 24 цагийн туршид уяа болгон тусгай хашаанд байлгахыг тусгасан боловч зарим иргэд нохойгоо уяхгүйн улмаас хүүхэд болон иргэнийг хазуулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг Зооноз өвчин судлалын төвөөс анхаарууллаа.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ