"Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-ийн инженерүүд анх удаа зөвлөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-04-14 15:12:26
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай, Завхан аймгуудыг цахилгаан эрчим хүчээр хангагч "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-ийн инженерүүдийн анхдугаар зөвлөлгөөн энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Алтай хотноо боллоо.
Зөвлөлгөөнд тус системийн Завхан аймаг дахь салбар, "Тайшир-Гуулин усан цахилгаан станц" ХХК, "Тосон цэнгэл усан цахилгаан станц" ХХК, "Богдын голын усан цахилгаан станц" ХХК-ий 60 гаруй инженер болон Эрчим хүчний зохицуулах хорооны Говь-Алтай аймаг дахь дарга В.Рэнцэндорж, Завхан дахь дарга Ч.Пунцаг, Говь-Алтай аймгийн МХГ-ын Хөдөлмөрийн эрүүл ахуй, цацрагийн хяналтын Улсын байцаагч Д.Баасанжаргал, Эрчим хүчний няналтын Улсын байцаагч Д.Отгонжаргал, Стантарт хэмжилзүйн хэлтсийн цахилгаан хэмжүүрийн Улсын байцаагч Ц.Ариунжаргал нар урилгаар оролцсон юм.
Оролцогчид "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-ий хөгжлийн чиг хандлага, эрчим хүчний борлуулалтын өнөөгийн байдал, цаашид түүний үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх арга замын талаар санал бодлоо солилцов. Тэд мөн улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний асуудлаа шийдвэрлэж чадаагүй ганц сум болох Говь-Алтай аймгийн Алтай сумын өнөөгийн байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, салбарын зүгээс энэ асуудал удахгүй шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.
Алтай сум нь Говь-Алтай аймгийн төвөөс хамгийн хол зай буюу 320 гаруй км-ын зайд оршин БНХАУ-ын Хами аймагтай хил залгадаг. Тиймээс салбарынхан тус улсаас өндөр өртөгтэй эрчим хүч худалдан авах, эсвэл бага оврын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр, дизель станцтай байх гэсэн хувилбаруудаас сонгох болж  байгаа гэдгийг онцлон ярилцсан юм.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ