Монголбанк 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-04-21 16:42:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу бэлтгэж, хөндлөнгийн аудитын PWC Mongolia компаниар баталгаажуулжээ.

Тайлант хугацаанд  Монголбанк 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 2012-2016 онд хуримтлагдсан 3.0 их наяд төгрөгийн алдагдлыг 2.8 их наяд төгрөг болгон бууруулсан байна. 

Үйл ажиллагааны үр дүн ашигтай гарахад дараах хүчин зүйлс нөлөөлжээ. Тодруулбал, Монголбанк алт худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлж, нийт 20 тонн алт худалдан авсан нь манай түүхэн дээд хэмжээ байсан бөгөөд дэлхийн зах зээл дээрх алтны үнэ оны эхнээс 10 орчим хувиар өссөн нь үнэт металлын арилжааны орлого нэмэгдэх, нөөц өсөхөд гол нөлөө үзүүлсэн байна.

Оны эцэст гадаад валютын улсын нөөц гурван тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш чангарснаар макро эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлж, улмаар Монголбанкны бодлогын шинж чанартай үйл ажиллагааны орлого, зарлагын урсгалыг сайжрууллаа.

Дотоодын банкуудад олгосон зээл, Засгийн газрын үнэт цаас, Ипотекийн зээлээр баталгаажсан бондын хүүгийн орлого 2016 онтой харьцуулбал 50 гаруй хувиар өссөний зэрэгцээ, санхүүгийн дериватив хэлцлийг дахин үнэлэх арга, загварчлалыг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан илүү бодитой болгон сайжруулсан нь үйл ажиллагааны үр дүн ашигтай гарахад чухал нөлөө үзүүлжээ.   
Б.Заяа
Холбоотой мэдээ