“Эко хот” сэдэвт архитектурын уралдааны шилдгүүд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-04-21 22:05:55
Дорнод /МОНЦАМЭ/ Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийнхны дунд зарласан “Эко хот” сэдэвт архитектурын уралдааны шилдгүүд тодорчээ. Уг уралдаанд 8 бүтээл ирүүлснээс “Монголын архитектурын эвлэлийн Дорнод салбар” ТББ-ын мэргэжилтнүүд шилдгийг тодруулсан байна.

Уралдааны тэргүүн байрт Хэрлэн сумын хоёрдугаар сургуулийн 12а ангийн сурагч Н.Төртогтох шалгарч “Их засаг” Олон улсын их сургуулийн харъяа Дүрслэх дизайн технологийн сургуульд хоёр сая төгрөгийн тэтгэлгээр суралцах эрхийн бичгээр шагнуулжээ. Тэрээр “Эко хот” сэдэвт бүтээлдээ ногоон байгууламж бүхий хотхон, бохир ус цэвэршүүлэх, дахин ашиглах байгууламж, нар салхинаас эрчим хүч гаргах систем бүхий эко хотын жишиг загварыг дүрсэлжээ. Уралдааныг “Монголын архитектурын эвлэлийн Дорнод салбар” ТББ, “Дорнын их уянга” ХХК зэрэг байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ивээн тэтгэжээ. Зохион байгуулагчдын зүгээс тус уралдааныг уламжлал болгон явуулна гэдгээ илэрхийлсэн.  

“Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуудан тус аймгийн Засаг даргын тамгын газраас “Нэг голын хүүхдүүд” төслийн хүрээнд хүүхэд багачуудын насны ангилалд тохируулан 6 төрлийн тэмцээн уралдаан зарласны нэг нь “Эко хот” архитектурын уралдаан байлаа. Үүнээс гадна, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд  “Ус гэж юу вэ?, “Усаа хайрлая, хамгаалъя, хэмнэе” сэдэвт гар зургийн уралдаан, ерөнхий боловсролын сургуулийн 5, 8-12 ангийн сурагчдын дунд "Ус бидний амьдралд" сэдэвт зохион бичлэгийн уралдаан зэргийг зохион байгуулжээ.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ