Түрээсийн унадаг дугуйн “UBIKE” төсөл ирэх сараас хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-24 12:54:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн агаарын бохирдол болон автозамын түгжрэлийг бууруулах, иргэдийн цагийг хэмнэх зорилго бүхий “UBIKE” төслийг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон “Никел Ганбаа” компанийн Гүйцэтгэх захирал Г.Дашням нар гарын үсэг зурлаа.

Дэлхийн 600 гаруй хотод иргэдийнхээ ая тухтай орчин нөхцөлд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор түрээсийн унадаг дугуйн үйлчилгээг нэвтрүүлсэн. Тиймээс дэлхий нийтийн жишгийн дагуу Улаанбаатар хотод “UBIKE” түрээсийн унадаг дугуйн төслийг энэ оны 5 дугаар сарын 31-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Төслийн хүрээнд эхний ээлжинд 43 байршилд түрээсийн 500 дугуй байршуулах бөгөөд төлбөр 30 минутад 500, нэг цагт 800 төгрөг байх юм. Иргэд Хас банкны “Qpay” үйлчилгээг ашиглаж, гар утасаараа дугуйны суудлын дор байрлах QR кодыг уншуулан төлбөр төлснөөр дугуйны түгжээ автоматаар тайлагдах аж. Түүнчлэн унадаг дугуйг хулгайд алдагдахаас сэргийлэх зорилгоор тус бүрт нь JPS төхөөрөмж суурилуулжээ. “Никел Ганбаа” компани түрээсийн нэг унадаг дугуйг JPS төхөөрөмж, ухаалаг цоож, QR код зэргээр тоноглоход нийт 400 мянган төгрөг зарцуулсан бөгөөд цаашдаа засвар, үйлчилгээг бүрэн хариуцна гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Дашням хэллээ.



Мөн үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Нийслэл тодорхой судалгаа хийж, бололцоотой газруудад дугуйн зам байгуулахаар төлөвлөж байгаа. Дэлхийн хотууд сийрэг хөдөлгөөнтэй автозамуудыг тодорхой цагийн хуваарийн дагуу дугуйн замаар ашигладаг. Улаанбаатар хот ч энэ жишгээр ажиллах болно. Нөгөөтэйгүүр дугуй унаж байгаа хүмүүсийг тодорхой хэмжээнд сургах, зөв хэвшлийг нэвтрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Одоо бол дугуй унасан хүмүүс автозамын урсгал сөрөх, сүлжих зэргээр замын хөдөлгөөнд ихээхэн хүндрэл учруулдаг” гэлээ.



“UBIKE” түрээсийн хүрээнд  2020 онд нийслэлд 150 зогсоолтой 2000 ширхэг ундаг дугуй, 2021-2026 онд 250  зогсоолтой 2500 ширхэг цахилгаан унадаг дугуй,  2027-2033 онд  5000 ширхэг цахилгаан дугуйг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Зогсоолуудыг эхний ээлжинд нийслэлийн хүн амын суурьшил ихтэй газрууд, томоохон үйлчилгээний байгууллагуудын гадна зөөврийн байдлаар байгуулах аж. Улмаар судалгаа явуулан хамгийн олон хүн дугуй авч байгаа газруудад зогсоолыг нүүлгэн шилжүүлэх байдлаар ажиллуулахаар төлөвлөж байгаа юм.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ