"Гүр хаан Жамухын магтаал"-д түүний жинхэнэ түүхийг таниулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-04-26 17:08:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Морин хуурч, хөөмэйч А.Маргадын хагас жил гаруй хугацаанд бүтээсэн “Гүр хааны магтаал” хэмээх анхны уран бүтээл өчигдрөөс үзэгчдэд хүрч эхэллээ.
Энэхүү магтаалын үгийг Төрийн соёрхолт, яруу найрагч О.Дашбалбар, З.Дорж нарын нэрэмжит “Эх орон яруу найраг” наадмын тэргүүн байр, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш бичсэн бол аяыг дуучин, ая зохиогч, залуу уран бүтээлч Б.Ганбаатар зохиожээ.
Морин хуурч, хөөмэйч А.Маргад нь 2017 онд Хөгжим бүжгийн консерватори төгссөн бөгөөд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга /ХЦДБЧ/-д хөгжимчнөөр ажиллаж буй юм.



Тэрбээр хэлэхдээ, Чингис хааны тухай маш олон уран бүтээл бий. Гэвч Их Монгол улсыг Чингис хаантай хамт босгосон, өөрийн анддаа байр сууриа тавьж өгсөн, нэр хүнд, алдар гавъяа гээд бүхнээ зориулсан хүн бол тал нутгийн агуу баатар Гүр хаан Жамух юм. Тиймээс Жамухыг эргэн дурсаасай, хүүхэд залуучууд анд нөхөрлөлийн агуу чанарыг таньж мэдээсэй хэмээн энэхүү уран бүтээлээ гаргалаа. Дууны үгийг энэ түүхэн хүний талаар олон жил судалгаа хийсэн яруу найрагч О.Цэнд-Аюуш бичсэн. Монголын нууц товчоонд эсрэг дүрээр гардаг Гүр хаан Жамухын жинхэнэ түүхийг эл бүтээлээс бага боловч ойлгоосой гэж хүсч байна. Анх уран бүтээл хийх санааг "Загасан ширээт тамга" хамтлагийн ахлагч, дуучин, хөөмийч С.Баатар ахтай уулзан ярьж байхдаа олсон” гэв. Тус дууны клипийг МҮОНТ-ийн уран бүтээлчид хийжээ.

 
Ж.Болор
Холбоотой мэдээ