Зүүнхангайн сургуулийнхан “Хүмүүн бичигтэн хамт олон” болохыг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-04-27 15:34:21
Увс /МОНЦАМЭ/. Дорнын гүн ухаантан, академич Ч.Жүгдэрийн нэрэмжит Увс аймгийн Зүүнхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон уламжлал, ёс заншил, өв соёлоо дээдлэн хүндэтгэдэг, зөв монгол хүнийг төлөвшүүлэн сургадаг, сурах арга барилтай, хүний эрхэм чанарыг эзэмшсэн, эрүүл чийрэг хүүхдийг төлөвшүүлж, Улсын шилдэг сургууль болохын төлөө “Бүтээлч багшаас, бүтээлч хүүхэд” гэсэн зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд өнгөрсөн онд Увс аймгийн ИТХ-аар батлагдсан “Монгол хэл, бичиг” хөтөлбөрийг сумандаа амжилттай хэрэгжүүлэхээр 2017 оны 4-р сарын 28-30-ны өдрүүдэд аймгийн “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг Зүүнхангай суманд тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Энэхүү “Үндэсний бичиг үсгийн баяр”-т аймгийн удирдлагууд, БСУГ-ын мэргэжилтнүүд, сумдын сургууль бүрийн монгол хэл, бичгийн багш нарын төлөөлөл оролцсон, өргөн цар хүрээтэй, үр өгөөжтэй ажил болжээ. Зүүнхангай сумын багш, сурагчид “Хүмүүн бичиг” сониныг тогтмол захиалж уншдаг бөгөөд “Монгол бичигтэн сургууль” болох зорилго тавин ажиллаж байна.
Монгол үндэстний оюуны соёлын өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа болсон үндэсний бичгээ өвлүүлэх, хөгжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажилд тус хамт олон гар бие оролцож байгаадаа туйлын баяртай байгаа ажээ.
Тус сургууль нь 1937 онд зуны сургууль буюу тэнхим нэртэйгээр 25 сурагч, 2 багштайгаар үүсгэн байгуулагдсан бол 1940 онд бага сургууль, 1969 онд 8 жил, 1990 онд 10 жилийн дунд сургууль, 1998 онд Дорнын гүн ухаантан, /D.Ph/, академич Ч.Жүгдэрийн нэрэмжит Ахлах сургууль, энэ оноос Ерөнхий боловсролын сургууль болж тус тус өөрчлөгджээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ