Шилдэг судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-30 14:49:32

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Энэ 2015 оны шагналын эздээр ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Лхагвасүрэн, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Дэжидмаа, “Нэпко” хэвлэлийн газрын ажилтан, судлаач Д.Хүрэлхүү нарыг тодруулсан байна.

Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулж хэлсэн үгэндээ "Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хүн бүр хийж чадах ажил биш юм. Монгол Улсын хөгжил, дэвшил нь эрдэм шинжилгээ, судалгааны ажилд суурилсан байх ёстой" гэв. Тэрбээр цааш нь, "Монгол Улсын ирээдүй бол өндөр оюунтай, эрдэм мэдлэгтэй залуу үе, та нар шиг хүмүүсээс хамаарна. Та бүгдийн хийсэн ажил ШУА, эрдэм шинжилгэний ажил хийж байгаа бүх хүмүүст үлгэр дуурайлал үзүүлж байгаа. Та бүхэнд дахин баяр хүргэж, цаашдын чинь амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Дамдиндоржийн Лхагвасүрэн нь хүний өөрийнх нь эсийн генийн идэвхийг зохицуулагч хэсгийг удамшлын гаралтай өвчний эмчилгээнд ашигладаг вируст суулгаж, түүний анагаах чадварыг хүний биеийн дотор урт хугацаанд хадгалах шинэ арга зүйг нээж өгсөн “Ген эмчилгээний аргыг сайжруулж, ашиглах боломжийг нэмэгдүүлсэн нь” сэдэвт суурь судалгааны шилдэг бүтээл туурвисан бол Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Буянтогтохын Дэжидмаа нь Монгол оронд өргөн тархсан эмийн ургамлаас хүний шархны эдгэрэлтийг түргэсгэх, түлэнхийн нөхөн төлжилтийг дэмжих, сорвижилтийг багасгах үйлдэлтэй “Калвацин” хэмээх эмийг гарган авч, импортын ижил төрлийн эм бэлдмэлийг орлуулах эдийн засгийн үр ашигтай шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эмчилгээнд нэвтрүүлжээ.

“Нэпко” хэвлэлийн газрын ажилтан Доржпаламын Хүрэлхүү Британника-Монгол хэлний тайлбар толь, Дэлхийн нэн шинэ атлас болон Шинжлэх ухааны түүхийн нэвтэрхий толь зэрэг танин мэдэхүй, судалгааны бүтээлээр шинжлэх ухаан, боловсролын салбарт хувь нэмэр оруулсан судлаач юм.

Б.Туул

 

 

Холбоотой мэдээ