Хөгжлийн банкны шалгалттай холбоотой албан ёсны дүгнэлт гараагүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-30 16:47:26

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийв.

Бүлгийн хуралд УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийсний зэрэгцээ Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг сонссон байна. Гуравдугаарт, Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг тус ажлын хэсгийн ахлагч  А.Бакей танилцуулжээ. Дөрөвдүгээрт, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн бол Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг ярилцаад ажлын хэсэг байгуулахаар болсон аж. Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуудалдаа хариулт авсан юм.

Энэ үеэр сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихээхэн яригдаж буй Хөгжлийн банк хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан эсэх тухайд бүлгийн дэд дарга С.Одонтуяа, "Өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкнаас мэдээлэл өгч, гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл бүхий материал тарааж, гишүүд нэгбүрчлэн танилцсан. Тус банкны үйл ажиллагаатай холбогдуулан Я.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан, 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд асуудал бүрээр саналаа нэгтгэж, гарын үсэг зураагүй байхад, ташаа мэдээлэл олон нийтэд цацаж, улстөр хийсэн. Үүнд Ардчилсан намын гишүүд дургүйцлээ илэрхийлж байгаа.

УИХ дээр ажлын хэсэг байгуулах, ажлын хэсгийн үйл ажиллагааг хянах зэрэг бүх процесс өөрийн гэсэн дэгтэй. Гэтэл ердөө дөрөвхөн гишүүн гарын үсэг зурсан, тодорхой эх сурвалжгүй материалууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тухайлбал, “Чингис” бондыг арилжаалан мөнгө босгох үед 5,4 сая ам.доллар дутсан  хэмээн мэдээлсэн байна. Хөгжлийн банк, Үндэсний аудитын газар зэрэг холбогдох байгууллагын албан тушаалтнуудын мэдээлснээр, аливаа бондыг арилжаалахад тодорхой зардал гардаг бөгөөд зохион байгуулсан арилжааны банк үүнийг суутгаж авдаг. Өмнө нь Монгол Улсын Засгийн газар болон арилжааны банкууд нэг бус удаа бонд гаргаж байсан. Бүгд тодорхой хувиар шимтгэл төлж байсан. “Чингис” бондын тухайд маш бага хувь буюу 0,35 хувиар шимтгэл тооцуулсан байдаг. Иймд ажлын хэсгийн гишүүд санал дүгнэлтээ эцэслэж гаргах хэрэгтэй байгаа" гэлээ.

Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, "Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга өнөөдөр бүлгийн хуралд оролцсон. Ж.Эрдэнэбат Сангийн яамны сайд байх үедээ сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж, Хөгжлийн банкинд шалгалт оруулсан юм байна. Гэхдээ тэр ажлын хэсэг нь шалгасан материал болон дүгнэлтээ албажуулаагүй. Одоог хүртэл сайдын зөвлөлийн хурлаар оруулаагүй, албан ёсоор санал дүгнэлтээ боловсруулаагүй, газар хэлтсийн хурлаараа ч оруулаагүй байгаа юм байна. Тийм материалыг МАН-ын гишүүд хувийн шугамаар олж аваад, энэ ажлын хэсгийн дүгнэлт болгож, Сангийн яамнаас албан ёсоор Хөгжлийн банкийг шалгаад дүгнэлт гаргасан юм шиг тайлбарлаж, хүмүүсийн толгойг эргүүлээд байна. Бид сая үүнийг ярилцаад Сангийн яам яг ийм ажил хийсэн эсэхээ албажуулж мэдэгдэл гарга гэж хэллээ" гэсэн юм.

Б.Туул

Холбоотой мэдээ