"Ихэр хүүхдийн бүлэг"-т есөн айлын 19 хүүхэд хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-05-01 16:12:01
Дархан-Уул /МОНЦАМЭ/.2017-2018 оны хичээлийн жилд "Өсөх-Ирээдүй" цэцэрлэгийн хамт олон шинэ барилгаа ашиглалтад оруулж 23 багш 120 хүүхэд хүлээн авч сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.

"Өсөх Ирээдүй" цэцэрлэг нь анх 2013 онд “Өсөх Сансар” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар үүсэн байгуулагдаж сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагааг 5 дахь жилдээ  амжилттай явуулж байна. Энэ хичээлийн жилд тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Ихэр хүүхдийн бүлэг” шинээр нээж есөн айлын 19 хүүхдийг сурган хүмүүжүүлж байна. Ихэр хүүхдүүдийн ангийг нээх болсон шалтгааныг цэцэрлэгийн эрхлэгч Б.Жаргалсайхан хэлэхдээ, нэг аав утсаар холбогдож ихэр хүүхэд явуулж болох талаар тодруулсан. Үүнээс үүдэн ихэр хүүхдийн анги нээх сэдэл төрж энэ хичээлийн жилээс эхлэн зөвхөн ихэр хүүхдүүдийг хүлээн авдаг анги нээсэн тухай ярьж байлаа.

Өнөөдөр Дэлхийн ихрүүдийн өдөр тохиож байгаа учраас тус цэцэрлэгийн хамт олон эцэг эхчүүдийнхээ хамтаар ихрүүдийнхээ баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.

Үүнээс гадна тус цэцэрлэгийн хамт олон ихэр хүүхдүүдийн сургалтын төлбөрийг 70 хувь хөнгөлж байгаа нь залуу эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн ажлын нэг болсон. Мөн тус цэцэрлэг нь хүргэлтийн үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн нь эцэг эхчүүдийн цагийг хэмнэсэн шинэлэг үйлчилгээ болжээ.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ