Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталж, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-03 14:38:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганаар өнөөдөр хэд хэдэн асуудал хэлэлцэхээр дарааллаа баталсан ч шуурхай байдлаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. 

Хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 05 дугаар дүгнэлтийг сонсов. Энэхүү дүгнэлт нь 2017 онд төрийн албан хаагчдийн цалинг царцаасан асуудал нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж Үндсэн хуулийн цэц үзсэн. Үүний дараа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Энэ нь "6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан; 6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан. ”3 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11, 6.12, 6.15 дахь хэсгийн “6.9.1-д” гэснийг “6.9.1, 6.9.2-т” гэж тус тус өөрчилсүгэй гэсэн нэмэлт, өөрчлөлт юм. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэж буй юм. 
 
УИХ-ын чуулганаар мөн Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм. Энэ хуулиар дамжуулан хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах нийгмийн, импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гарган экспортлох нь эдийн засгийн ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзэж байгаа.

Үүний дараа Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын чиг үүргийг тусгаарлах талаар тусгасан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг дэмжив. 

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг мөн өнөөдрийн хуралдаанаар томиллоо. Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдээр Ч.Хашчулуун, Ц.Мөнхбаяр, Ц.Батсүх нарыг санал болгосон бөгөөд УИХ-ын чуулганаар дэмжиж баталсан юм.

Мөн мод, модон бүтээгдэхүүнийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх тухай тусгасан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжив. 

Төгсгөлд нь Зарим дэд хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Ингэхдээ УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Оюунхорол нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцаг Ёс зүйн дэд хорооны, Б.Ундармаа Нутгийн удирдлагын болон, Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөв. Мөн түүнчлэн Д.Тогтохсүрэнг Ёс зүйн дэд хорооны, О.Баасанхүүг Нутгийн удирдлагын дэд хорооны, Н.Амарзаяаг Нутгийн удирдлагын дэд хорооны болон Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны гишүүнээр батлав.

Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан хэлэлцэх асуудлаа дуусгаж, өндөрлөсөн юм.  
Н.Гантуяа
Холбоотой мэдээ