У.Галхүү, Б.Мөнхбаатар нарт 500000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-01 10:27:11

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн Уунаагийн Галхүү, Бүүвэйбаатарын Мөнхбаатар нар нь хөдөлмөрийн чадвараа алдаж, яаралтай гадаадад эмчлүүлэх шаардлагатай болж, аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарт хүсэлт гаргасны дагуу хоёр залуугийн эмчилгээний зардалд зориулан тус бүр 500,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүллээ.

Хэрлэн сумын 3 дугаар багт баригдаж байсан “Саран” хотхоны барилгын ажлыг гүйцэтгэж байгаад хоёр залуу барилгын осолд орж, хүнд гэмтжээ.
Тусламжийн мөнгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Жавхлан мэргэжилтнүүдийн хамт У.Галхүүгийн гэрт биечлэн очиж, гардуулан өгсөн бөгөөд түүний амьдралын нөхцөл байдалтай танилцаж, сэтгэлийн дэм хайрлалаа.

У.Галхүү нь барилгын ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж, яаралтай гадаад улсад хагалгаа хийлгэх шаардлагатай болоод байгаа  аж.
Тэрээр гэртээ ээж, 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд түүний эмчилгээний зардалд шаардлагатай мөнгийг цуглуулах, хандивын аяныг шуурхай зохион байгуулах сайхан сэтгэлт хамт олон нэн түрүүнд хэрэгтэй байгаа нь харагдаж байлаа. Глахүүгийн хагалгаанд гэхэд л 60 сая гаруй төгрөг шаардлагатай бөгөөд Хан Хэнтийчүүд та бүхэн дээрх хоёр залууд хөл дээрээ босох итгэл хайрлаж, сэтгэлийн хандиваа өргөхийг уриалж байна.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ