Бяцхан зорчигчид Баганат талбайд цуглалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-07 16:33:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хүүхдийг зам тээврийн хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд хэргийн хор уршгийг таниулах зорилго бүхий “Бяцхан зорчигч” аяны нээлтийг өнөөдөр Баянхонгор хотноо зохион байгууллаа. Баганат талбайд болсон аяны нээлтэд Баянхонгор сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын зургаан сургуулийн 3-5 дугаар ангийн 800 гаруй сурагч оролцов.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газраас тус аяныг нэг сарын хугацаанд өрнүүлж байгаа юм. Аяны хүрээнд хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, эцэг, эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажил, арга хэмжээг эрчимжүүлнэ.
Хүүхдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ машины цонхоор толгой биеийг гаргах, босгож явах, өвөр дээрээ болон жолооны хүрдний ард суулгах, бага насны хүүхдийг  хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах, унадаг дугуй, ролик, скүтер зэргээр авто замын зорчих хэсэг, зам дээр тоглуулж байгаа нь шууд эрсдэлийг бий болгож байгааг албаныхан энэ үеэр сануулж байсан. Цаашид сургууль орчимд эцэг эхчүүд эргүүлд гарах, харанхуй гудамжийг гэрэлтүүлэх, эцэг эхчүүдийн бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах зэрэг олон ажлууд хийхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн хүүхдийг буруу тээвэрлэж байгаа жолооч, эцэг эхэд хариуцлага тооцож, зөрчлийг арилгуулах зэрэг чиглэлээр шат дараатай ажлууд өрнөх аж.

                                                                                                      Б.Мөнхзул

Холбоотой мэдээ