Ч.Амгалан: Хаврын тариалалтыг технологийн хугацаанд хийх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-07 20:49:43
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Чулууны Амгалантай уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Хаврын тариалалт эхэлж байна. Өнгөрсөн онд гантай байснаас ургац алдаж, төлөвлөж байснаас их хэмжээгээр доогуур ургац авсан. Энэ жил тариалалтын хэмжээ өмнөх жилүүдээс нэмэгдэх үү?
- Тариалалтын хэмжээ өмнө оноос нэмэгдэнэ. Аймгийн хэмжээнд 85 аж ахуйн нэгж, 747 өрхийн тариаланч жилдээ 45-48,0 мянган га  талбайд үр тариа, төмс хүнсний ногоо тариалдаг.
Энэ жил нийт 48683,7 га талбайд тариалалт хийнэ. Үүнээс буудай 42295 га талбайд буудай тарина. Бусад үр тарианы үр 1200 га-д суулгана. малын тэжээл 280, тосны ургамал 4229,5, төмс 391, хүнсний ногоо 147 га-д тарихаар төлөвлөөд бэлтгэлээ хангаж тариалалтаа эхлээд байна.
Бид тариаланчдынхаа зөвлөлгөөнийг гурван суманд бүсчлэн хийлээ.
Энэ жилийн хувьд хаврын тариалалтыг энэ сарын 5-наас эхлүүлээд байна. Хаврын тариалалтын техник засварын ажлыг бүрэн хийж, бэлтгэлээ хангаад тариан талбайдаа орж байна.
- Цаг агаарын урьдчилсан мэдээ энэ жилийн ургацад хэр нөлөөлөхөөр төлөв гарсан бол?
- Бид тариаланчдын зөвлөлгөөнийг ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, хөдөө аж ахуйн их сургуультай жил бүр хамтарч зохион байгуулдаг. Энэ жилийн агро зөвлөмжийг ургамал газар тариалангийн хүрээлэнгийн багш, докторууд гаргаж өгсөн.
Энэ жилийн хувьд зургаадугаар сард олон жилийн дундажийн орчим хур тунадас орно гэсэн мэдээлэл өгч байна. Мөн 7-р сард адил байна гэсэн прогноз өгч байгаагаас харахад өмнөх жилүүдийн хэмжээнд хур тунадастай байна гэсэн төлөв байгаа. Аймгийн Засаг даргын Захирамж гарч үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах ажлын хэсгийг  томилсон. Зөвхөн газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашгийг бодохгүй хуурайшилттай их түймэр гарах магадлал өндөр байгаа учраас бүрэлдэж байгаа үүлний байдлыг харгалзан зориудаар нөлөөлөх ажлаа эхэлсэн. Ирэх 6, 7-р сар гэхгүйгээр энэ арга хэмжээг авч эхлээд байна.
- Өнгөрсөн жилийн буудайн ургацын байдлыг мэргэжилтнүүд юу гэж дүгнэж байна вэ? Энэ талаар тариаланчид ярилцсан байх.
- Өнгөрсөн жилийн тариалалтын чанарыг соёололтоор дүгнэхэд 82.2 хувь сайн, 17.8 хувь нь дунд үнэлэгдсэн. Уриншинд бүрэн тариалалт хийсэн, эрсдлийг бууруулах зорилгоор тариалсан талбайд гуматын болон эрдэс бордоо ихээр хэрэглэсэн, ганд тэсвэртэй сортын эзлэх хувь нэмэгдсэн, хаврын нөөц чийгийн хэмжээ газар тариалангийн бүс нутагт сайн байсан зэрэг үзүүлэлтүүд соёололтонд сайн нөлөө үзүүлсэн гэж үзэж байгаа.
Гэвч 6-7 сард үргэлжилсэн их халалт, гангийн нөлөөллөөр буудай механик болцонд орж, хэлбэр ерөнхийдөө шувтан, шөвгөр, гонзгойдуу үр үүссэн нь буудайн жинд нөлөөлсөн байгаа.
- Өнгөрсөн жил урьдчилан тогтоосон байдлаас нэлээд доогуур ургац хураасан. Ямар шалтгаан нөлөөлсөн бол?
- Ургацын балансаар 32648 тонн ургац хураан авахаар боловч 7.553 тонн дутуу авсан. Ургац тогтоосноос хойш 1.234 га талбай ногоон тэжээлд шилжсэн. Ургац их намхан ургасан учир хадуурт орохгүй хаягдал их гарсан. Бас царцааны хөнөөл их гарсан зэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа.
- Гангийн хувьд өмнөх жилүүдээс ямар байсан бэ? Судалгаа байдаг уу?
- Эрдэмтдийн судалгаагаар их халалттай жил 1964 онд тохиож нэг га-гаас авах ургацын хэмжээ 3.5 центнер, 2002 онд давтагдаж 5.7 центнер болж буурч байсан байна.  Өнгөрсөн оны хэт халуун бол 53 жилд гурав дахь удаа тохиож буй байгалийн үзэгдэл юм.
- Ургац алдснаас шалтгаалаад үрийн нөөц багассан байх. Энэ хаврын тариалалтын үрийн хэрэгцээг хэрхэн хангаж байна вэ?
- Аймгийн дүнгээр тариалалтанд 7120 тн үр шаардлагатай байгаа. Үүнээс 2101 тн-ыг өмнөх жилийн ургацаасаа нөөцлөн авсан. Цаана нь дутагдах 5019 тн үрийн захиалгыг нэгтгэн ХХААЯ-нд хүргүүлж “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас авах зохион байгуулалтыг хийлээ. Үрийн хувьд тариалалт хийхэд бэлэн болсон байгаа.
- Тариалалтыг технологийн хугацаанд нь хийх техникийн боломж хэр байгаа вэ?
- Тариалалтанд 11 гинжит трактор, 168 дугуйт трактор, 280 гаруй хөрс боловсруулах чиргүүл, дүүжин машин, 305 гаруй үрлэгч ажиллахаар техник засварын ажил хийгээд бэлэн болгосон. Тариалалт эхлээд түрүүчийн аж ахуйн нэгжүүд талбайд үр суулгаж эхэллээ.
Тариалалтыг хугацаанд хийх техникийн боломж бий.
- Шатах тослох материалын нөөцийг хэрхэн бүрдүүлж байна вэ?
- Аж ахуйн нэгж, иргэд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас урьдчилгаа төлж шатахуун авч байна.
Тариалалт болон уриншинд шаардлагатай 455 тн шатахуун хэрэгтэй. Үүнийг гэрээ байгуулаад хуваарийн дагуу аж ахуйн нэгжүүдэд олгоод байна.
- Энэ хаврын тариалалтыг уриншид бүрэн хийх үү? Уринш боловсруулаагүй гуурсанд тариалах газар байна уу?
- Энэ жилийн хувьд зуун хувь уриншид тариалалт хийнэ. Гуурсанд бага зэрэг нэмж тариалалт хийнэ.
- Үрийн чанарыг сайжруулах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
- Үрийн чанар сайжруулах чиглэлээр хэд хэдэн аж ахуйн нэгжийг сонгоод явж байна. Мөн ОХУ-ын Красноярьскийн хөдөө аж ахуйн их сургуультай хамтарч ажиллаж байна. Гурван жил дараалан гурван өөр сортыг манай аймгийн нутаг дэвсгэр дээр тарьж байна. Энэ хавар сүүлийн жилийн тариалалт болно. Үүний дараа хамгийн өндөр ургац авсан үрийг  сонгож үржүүлэх юм.
- Ямар аж ахуйн нэгж гадаадын сортыг тариалж туршиж байна вэ?
- Тэшиг сумаас “Шинэ амжилт” ХХК, Сэлэнгэ сумаас “ИНТОСЭ” ХК сонгогдсон.
- Газар тариалангийн салбарт жимс, жимсгэний аж ахуй эрхлэхийг бодлогоор дэмжиж байна. Энэ жилийн хувьд тариалалтаа нэмэгдүүлэх үү?
- Булган аймгийн хувьд улаан буудайн үйлдвэрлэл гурилаар өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангадаг. Мөн төмсний ургацаар хэрэгцээгээ хангаж байнйа. Илүү гарсан бүтээгдэхүүнээ Орхон, Хөвсгөл аймгийн зах зээлд нийлүүлдэг. Хүнсний ногооны хувьд хангалт 16,5 хувьтай байгаа.
“Аймгийн газар тариалангийн тогтвортой хөгжил”, “Жимс жимсгэнэ” гэсэн гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд “Чацаргана” төслийг боловсруулсан. Энэ төслийг хэрэгжүүлснээр өнгөрсөн онд 174 га-д чацаргана тарьсан. 200 га талбайг хашиж хамгаалан, 22 худаг гаргаж, усалгааны тоног төхөөрөмжийг шийдсэн. Энэ арга хэмжээнд 727 өрхийн 898 иргэн хамрагдсан.
Энэ жил  чацаргана 125 га талбайд тариалалт хийнэ.
М.Батжаргал

Холбоотой мэдээ