Аймгийн аварга шалгаруулах үсчин-гоо засалчдын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-05-08 22:03:16
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн үсчин гоо засалчдын "Амина" холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг аймгийн аварга шалгаруулах үсчин гоо засалчдын тэмцээн өнөөдөр боллоо. Улс, бүс, олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжийг нээх, түүнд оролцох эрхийг олгодог тус тэмцээн нь тухайн үсчин гоо засалчдыг мэргэжлээрээ өсч хөгжих суралцах, өөрөөрөө бахархах, үйлчлүүлэгчдийн  итгэлийг хүлээх зэрэгт түлхэц болдог гэж тэмцээнийг санаачлагч, зохион байгуулагч үсчин гоо-засалчдын “Амина” холбоог үүсгэн байгуулагч Монгол Улсын мастер үсчин Б.Уртнасан онцолж байлаа.

Тэмцээн нь “Амина” холбоо байгуулагдсаны 20 жилийн ойн босгон дээр зохион байгуулагдаж буй гэдгээрээ онцлогтой аж. Энэ удаагийн аймгийн аварга шалгаруулах үсчин гоо-засалчдын тэмцээнд 16 салоны 24 оролцогч оролцож, авъяас чадвараа сорилоо.

Жил ирэх бүр ур чадвар нь сайжирч, залуучуудын оролцоо нэмэгдэж байгаа нь бүс, улсын чанартай тэмцээнд оролцох хүсэлтэй үсчин, гоо засалчдын идвэхи нэмэгдэж байгааг харуулж байг зохион байгуулагчид хэлсэн юм.  Энэ удаагийн тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй кратив самналт, эрэгтэй зураглалтай тайралт, эмэгтэй урт үсний үдшийн гоёл, эмэгтэй урт үсний задгай самналт, гоо засалчдын тухайд уран сэтгэмжит нүүр будалт, хумс урлал зэрэг найман төрлөөр зохион байгуулагдлаа.

Бүтэн өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээний шилдэгүүдээр эрэгтэй кратив засалтын төрөлд “Алтрах” салоны үсчин У.Мөнх-Амгалан, эмэгтэй кратив төрөлд “Соронзон” салоны үсчин С.Мөнхшүр, эмэгтэй урт үсний задгай самналт төрөлд “Золбоо” салоны үсчин Л.Дэлгэрзаяа, уран сэтгэмжит нүүр будалт төрөлд “Гоёл ” салоны гоо сайханч Ч.Эрдэнэтуяа, эрэгтэй кратив самналтын төрөлд  “Хуш” салоны үсчин аймгийн хошой аварга А.Амарсайхан, эрэгтэй зураглалтай засалтын төрөлд “Соронзон” салоны үсчин Л.Эрдэнэчимэг, эмэгтэй урт үсний үдшийн гоёл төрөлд “Мичид” салоны үсчин Н.Саранзаяа, хумс урлалын төрөлд “Гоо наран” салоны гоо сайханч О.Баярмөнх нар тэргүүн байрын эзэн болж алтан медалийн эзэд болсноор энэ сарын 18-нд Сэлэнгэ аймагт зохион байгуулагдах Хангайн бүсийн аварга шалгаруулах үсчин, гоо засалсчдын тэмцээнд орох эрхтэй болжээ.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Монгол Улсын мастер үсчин Ц.Цогзолмаа ажиллалаа.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ