“Сувилахуйн гэгээн дагина”-ын эздийг тодруулж шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-05-08 22:13:04
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагчдын өдрийг угтан өнөөдөр шилдэг тэргүүний сувилагчдаа Эрүүл мэндийн яам, аймгийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа. Мөн Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа жил бүр энэхүү өдрийг угтан шилдэг сувилагчдыг шалгаруулан “Сувилахуйн гэгээн дагина” өргөмжлөлөөр шагнаж мөнгөн урамшуулал олгодог уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр Сувилахуйн гэгээн дагинаар Нэгдсэн эмнэлгийн боолтын сувилагч Ц.Эрдэнэсувд, Чийрэгжүүлэлтийн арга зүйч Б.Чибишмаа нарыг шагналаа.

Тус шагналыг УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга  Д.Хаянхярваагийн бие төлөөлөгч М.Гантулга гардуулан өглөө.
Харин Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар 4, Эрүүл мэндийн яамны жуух бичгээр 8, Найрамдлын Дархан тэмдгээр 6, аймгийн Тэргүүний ажилтнаар 9, аймгийн Засаг даргын жуух бичгээр 8, Дархан сумын Засаг даргын жуух бичгээр 4 сувилагч тус тус шагнууллаа.
Олон улсын сувилагчдын өдрийг угтан эрдэм шинжилгээний хурал, сувилахуйн технологи шинэ бүтээлийн үзэсгэлэн, сувилагчийн нэг өдөр зэрэг ажлуудыг сарын хугацаанд явуулсан ажээ.

Монгол Улс олон улсын сувилагчдын өдрийг 22 дахь жилдээ “Үйлчлүүлэгч үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя” уриан дор өнөө жил тэмдэглэн өнгөрүүлж байна.  
Олон улсын сувилагчдын өдрийг орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренсе Найтенгелийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан 1965 оноос эхлэн тэмдэглэсэн түүхтэй.
Дархан-Уул аймгийн хэмжээнд нийтдээ 611 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн байдгаас 349 сувилагчаар ажиллаж байна.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ