200 гаруй сурагч Улаан загалмайн хөдөлгөөний гишүүн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-09 15:27:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Монголын хүмүүнлэгийн өдөр"-өөр хүүхэд, залуучуудын Улаан загалмайн хөдөлгөөний гишүүнээр Өлгий хотын ерөнхий боловсролын сургуулиудын 200 гаруй сурагч элсэж, 10 иргэн аймгийн Улаан Загалмайн Хорооны ивээн тэтгэгч онцгой гишүүн боллоо.

Шинэ гишүүд Улаан загалмайн хорооноос төв талбайд өчигдөр зохион байгуулсан өдөрлөгийн үеэр тангаргаа өргөн бүчээ зүүсэн юм.

Мөн энэ үеэр хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог иргэдийг бас урамшуулсан бөгөөд  Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн "Нигүүсэл мөнгөн" медалиар "МонСтройЭра" компанийн захирал Р.Гажайв, "Астма" хүүхдийн эмнэлгийн их эмч Ш.Хуатхан нарыг, "Тэргүүний сайн дурын идэвхтэн" цол тэмдгээр сайн дурын ажилтан Д.Шаушан, С.Бахытгүл нарыг тус тус шагнав. Түүнчлэн Өлгий сумын 3, 4 болон “Зайд” бүрэн дунд сургуулийн өсвөрийн улаан загалмайчид “Flash mob” бүжиг хийлээ.

Баян-Өлгий аймгийн Улаан Загалмайн Хороо нь 3000 орчим гишүүн, дэмжигчтэй аж. Гишүүнээр шинээр элссэн сурагчид өөрсдийн сургуулийн "Өсвөрийн улаан загалмайчдын клуб" болон "Тусч хамтлаг"-уудад харьяалагдах ба хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах, хүүхдүүдийг идэвхжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах ажээ.  

Ө.Нурболат

Холбоотой мэдээ