Зорилтот өрхүүдэд нийгмийн халамж, тусламжийг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-01 14:51:20

Өвөрхангай аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс “Нийгмийн сүлжээ” туршилтын төслийн хүрээнд “Нийгмийн халамжийн зорилтот өрхүүдийн хаалгыг тогшъё” аяныг 19 сумын хэмжээнд хоёр сарын турш зохион байгууллаа.

Тус аян нэн ядуу иргэд, урт хугацааны туршид ядуу амьдарч буй хүмүүс гэх мэт зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийгмийн ажилтнуудын ажлын арга барил, хандлагыг өөрчлөх зорилготой байсан юм. Аяны хүрээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 868 өрхийн 1034 иргэнд нийгмийн халамжийн сангаас 145 гаруй сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт тусламж, орон нутгийн төсөв болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагаас 7,5 сая, нийт 153 орчим сая төгрөг зарцуулсан байна.

Тодруулбал аймгийн хэмжээнд тэжээн тэтгэх үр хүүхэдгүй ганц бие ахмад настан, ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг гаргаж, ганц бие 260 ахмад настан, 93 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тэтгэмж тогтоолгох, 4 хүртэлх насны ихэр хүүхэдтэй боловч нийгмийн халамжийн сангаас тэтгэмжээ аваагүй байсан 6 өрхийн ихэр хүүхдийг тэтгэмжид хамруулах, протез шаардлагатай 18 иргэнийг үзлэг оношилгоонд хамруулан протез олгох гэхчлэн  олон асуудлыг шийдвэрлэжээ.

Б.Батчимэг 

Холбоотой мэдээ