Ном сонирхогчид Цогт тайжийн талбайд завгүй өнжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-11 19:30:20
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төв номын сан Улаанбаатар хотын “Аз хур” номын их дэлгүүртэй хамтран номын худалдааг Цогт хунтайжийн талбайд зохион байгууллаа. “Аз хур” номын  их дэлгүүр 50 нэр төрлийн номоор үйлчилсэн бөгөөд номыг 30-72 хувь хямдруулан нэг өдрийн турш борлуулсан юм.
-Номын худалдаанд иргэд, уншигчид идэвхтэй оролцлоо. Түүхийн сэдэвтэй ном хамгийн их борлогдсон. Мөн уран зохиол, хувь хүний хөгжлийн ном, мөн эцэг эхчүүд балчир насны хүүхдийг номтой нөхөрлүүлэхийг хичээдэг болсноор хүүхдийн танин мэдэхүйн номын цувралыг худалдан авагчид их байлаа. Хямралтай номын худалдааны талаар цахим мэдээллийг олон нийтэд хүргэснээр манай аймгийн хөдөөгийн иргэд төдийгүй зэргэлдээ Хөвсгөл, Орхон аймгийн иргэд ирж худалдан авалт хийсэн гэж аймгийн төв номын сангийн дарга Ч.Баярмаа ярилаа.
Номын худалдаанд ирсэн зарим залуу гэр бүлүүд гэрийн номын сандаа өөрсдийн сонирхсон номыг худалдан авч хоорондоо дурсгал болгон бэлэглэж байлаа.
Хөдөөгийн сумын номын сангууд фонд баяжилт хийх сонирхол байсан боловч төсөв хөрөнгө хүрэлцээгүй энэ үзэсгэлэн худалдаанаас ном авч чадсангүй гэж номын сангийн мэргэжилтнүүд хэллээ.
М.Батжаргал

Холбоотой мэдээ