П.Мягмарсүрэн: Энэ дэлхийн хамгийн хариуцлагатай, өгөөмөр байх ёстой мэргэжлээрээ бахархдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-11 21:34:53
Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Олон Улсын Сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн Нярайн сувилагч П.Мягмарсүрэнтэй ажил мэргэжлийнх нь онцлогийн талаар ярилцлаа. Тэрээр сувилагч мэргэжлээр 19 жил тасралтгүй ажиллаж яваа тус аймгийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн нэг юм.
 
-Сайн байна уу. Юуны өмнө танд Олон Улсын сувилагчдын баярын мэнд хүргэе. Ярилцлагынхаа эхэнд өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Сайн, сайн байна уу. Баярлалаа.
Алтай нутгийн зон олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг П.Мягмарсүрэн гэдэг. Би аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасагт нярайн сувилагчаар ажилладаг. 

-Ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ. Хорвоогийн хэдэн мянган мэргэжил дундаас яагаад заавал сувилагч болохоор шийдчихэв?
-Би 1999 онд Анагаах Ухааны Сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөөд төрөлх Алтай нутгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт ээлжийн сувилагчаар ажлын гараагаа эхэлсэн. Энэ л мэргэжлийн сонгоход ээж минь их нөлөөлсөн. Яг үнэнийг хэлэхэд сувилагч болно гэж бодоогүй. Ээжийнхээ хүсэлтээр мэргэжлээ сонгосон гэж хэлж болно. Одоо эргээд харахад миний ээжийн сонголт туйлын зөв байжээ. Би энэ сайхан мэргэжлийнхээ ачаар хүний дайтай явж байгаа гэж боддог. 
 
-Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд цаг наргүй зогсож, хамт олноо манлайлан ажилласны үр дүнд Нэгдсэн эмнэлгийн “Шилдгийн шилдэг сувилагч”-аар өргөмжлөгдлөө. Эрүүл мэндийн салбар тэр тусмаа сувилагчийн мэргэжлээр хэдэн жил ажиллаж байна вэ?
-Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 19 дэх жилдээ ажиллаж байна. Үүнээс зөвхөн нярайн сувилагчаар сүүлийн 10 жил тасралтгүй ажиллаж байна даа. Нэгдсэн эмнэлгийн “Шилдгийн шилдэг сувилагчаар” өргөмжлөгдсөн маань ганцхан намайг бус хамт олны маань ажлын үр дүн, амжилт юм. 

-Сувилагчийг эмчийн туслах л гэж хүмүүс ойлгодог. Сувилахуйн ухаан гэж чухам юу юм бэ, ажил мэргэжлийнхээ онцлогоос яривал?
-Тийм шүү. Сувилагч бол эмчид л туслах ёстой гэж зарим иргэд маань буруу ойлголттой байдаг. Үнэн хэрэгтээ сувилахуйн ухаан гэдэг бол Эрүүл мэндийн салбарын биеэ даасан шинжлэх ухаан юм. Сувилагч бид бүхэн өвчтөнийг асар сувилах, эм, тариаг эмчийн зааврын дагуу хийх үүрэг хүлээхээс гадна өвчтөний хажууд байж, асарч тойлох эмчилгээ үйлчилгээний ачааны хүндийг үүрдэг эмнэлгийн мэргэжилтэн гэж ойлгох хэрэгтэй. 
Миний мэргэжлийн онцлог гэвэл тухайн хүнээс тэсвэр тэвчээр, хурд хүч, авхаалж самбааг алхам бүрт шаардсан хариуцлагатай мэргэжил. Өөрөөр хэлбэл энэ дэлхийн хамгийн хариуцлагатай, өгөөмөр байх ёстой мэргэжил юм л даа.
 
-Таны ажил хөдөлмөртөө баримталдаг зарчим гэвэл?
-Ажилдаа чин сэтгэлээсээ хандах, шулуун шударга байхыг эрхэмлэдэг. Мөн өвчтөнөө сувилахад бүхнийг өөрийн төлөө юм шиг ажиллахыг хичээдэг.

-Сувилагч хүн хором бүр өвчтөнтэйгөө харьцдаг шүү дээ, өвчтөнөөсөө талархлын үгийг сонсох шиг сайхан шагнал байхгүй байх. Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?
-Би хамгийн сайхан газар ажилладагтаа үнэхээр их бахархдаг. Дөнгөж хорвоод мэндэлж буй үрээ хараад бүх өвдөлтөө мартан мишээх ээжийг харах хамгийн сайхан мөч байдаг. Энэ үед ямар ч магтаал сайшаалаас илүү сайхан санагдаж, тэр л ээжтэй хамт баярладаг. 
 
-Ажил үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй зүйл тохиолддог л байх. Өнгөрсөн хугацаанд шантрах үе тохиолдож байв уу?
-Бэрхшээлгүй ажил гэж ерөөсөө байхгүй, нийгмээс, надаас, бусдаас шалтгаалсан бэрхшээл бишгүй л бий.  Ажлын ачааллаас болоод ч тэр үү хааяа шантрах бухимдах үе гаралгүй л яахав. Гэхдээ бэрхшээл тулгарсан ч бид ямагт багаараа ажилладаг учраас хамтдаа даван туулдаг. Ер нь сайхан хамт олон гэдэг гэр бүлийн нэг хэсэг болчихдог юм шиг санагддаг. 
 
-Өдгөө сувилагч та бүхэнд тулгамдаж буй асуудал юу байна?
-Сувилагч бидэнд тулгамдаж буй нийгмийн маш олон асуудал бий. Наад зах нь л нэг сувилагчид ноогдох ажлын ачаалал их ч цалин хөлс нь бага, алжаал стрессээ тайлах цаг зав бараг л гардаггүй гээд тоочоод байвал бэрхшээл их шүү дээ. 

-Ярилцлагынхаа төгсгөлд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг хором мөч бүхэнтэй уралдаж ажилладаг мэргэжил нэгт сувилагчдадаа хандан баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Мэргэжилдээ үнэнчээр ард түмнийхээ эрүүл энхийн төлөө чадах бүхнээ сэтгэл зүрхнээсээ зориулж явсан ахмад үеийнхэн болон өдгөө мөр зэрэгцэн ажиллаж байгаа Монголынхоо мянга, мянган сувилагч нартаа Олон Улсын Сувилагчийн баярын өдрийн мэндийг хүргэж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ