Баян-Өлгийн багш, эмч нар цалин нэмэгдүүлэх шаардлагыг дэмжиж мэдээлэл хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-16 23:25:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын төлөөллүүд цалингаа нэмэхийг шаардаж энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо суулт зарлаж байгаа юм. Уг асуудлыг Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, эрүүл мэнд, боловсролын байгууллагын төлөөллүүд дэмжиж, аймгийн Ахмадын ордонд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.  

Хэвлэлийн бага хурлын үеэр аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга А.Кеншилик: "Улаанбаатар хотод хөдөлмөрийн мөлжлөгийг халж сайн сайхан амьдрахын төлөө тэмцэж буй олон иргэнийг орон нутгийнхан дэмжиж байгааг, эв нэгдэлтэй байгаагаа харуулах зорилгоор энэхүү хэвлэлийн бага хурлыг зарласан. Нийслэлд иргэд цементэн шаланд сууж тэмцэн эмэгтэйчүүд маань үсээ хусуулж байна. Төр засаг үүнийг ойлгож, иргэдээ сонсох ёстой. Ард түмэн эх орондоо үнэнчээр хөдөлмөрлөөд, хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авахыг бид дэмжиж байна" хэмээлээ.

Түүнчлэн салбарын төлөөллүүд ч өөрсдийн саналаа илэрхийлж байсан юм.

Зохион байгуулагчдын өгсөн мэдээллээр цалин нэмэгдүүлэх шаардлагыг Баян-Өлгий аймгийн эрүүл мэнд, боловсролын салбарын бүх байгууллагууд дэмжиж байгаа ба одоо эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд гарын үсэг цуглуулах ажил явагдаж байгаа ажээ.  

Ө.Нурболат

Холбоотой мэдээ