АХА тэмцээний ялагч Увс-Улаанбаатар хооронд үнэгүй зорчих эрх хожлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-18 18:24:48
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс Авто тээврийн төвтэй хамтран Үйлчилгээний чанарыг сайжруулах жилийн хүрээнд Нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгт Цагдаагийн газар, нийтийн тээврийн “Түмэнд нээлттэй хязгаарынхан”, “Ач буян трейвэл” компани болон даатгалын компаниуд оролцлоо. Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн хэлтсээс аж ахуйн нэгж, байгууллагууд болон иргэдэд өөрийн үйл ажиллагааг сурталчилж, гарын авлага материал тарааж, мэдээллээр хангасан байна. Тэрчлэн иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авчээ.
Өдөрлөгийн үеэр Авто тээврийн төв, “Түмэнд нээлттэй хязгаарынхан”, “Ач буян трейвэл” компани хамтран оролцогчдын дунд хонжворт сугалаа болон АХА тэмцээн явуулж азтан шалгаруулсан байна. АХА тэмцээнд Стандарт, хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтэн И.Бат-Эрдэнэ тэргүүн байр эзлэж, “Ач буян трейвэл” компанийн автобусаар Увс, Улаанбаатар хооронд нэг талдаа 100 хувь хөнгөлттэй зорчих Эрхийн бичгээр шагнуулсан байна. Харин оролцогч Д.Батхишиг дэд байранд шалгарч “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн автобусаар Увс, Улаанбаатар хооронд нэг талдаа 50 хувийн хөнгөлттэй үнээр зорчих Эрхийн бичгийн эзэн болжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ