"МИАТ", Төрийн банк зэрэг компанийг Хөрөнгийн биржээр хувьчлах шийдвэр гаргав

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-05-23 14:29:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн банк, Хөрөнгийн бирж, “МИАТ”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл, холбооны сүлжээ”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” зэрэг компани болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг авто зам, арчлалтын 20 “АЗЗА” компанийг хувьчлах шийдвэр гаргалаа. 
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийсэн юм. “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Эрчим хүч, автозам, уул уурхай, санхүү, банк, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит, өмчийн оролцоотой нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг бүрэн болон заримынх нь тодорхой хувийг хувьчлахаар төлөвлөжээ.

Тухайлбал, Төрийн банк, Хөрөнгийн бирж, “МИАТ”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл, холбооны сүлжээ”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” зэрэг компани болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг авто зам, арчлалтын 20 “АЗЗА” компанийг хувьчлахаар болсон байна. Өмнө нь хувьчлалд цөөн хүн, хуулийн этгээд оролцон тухайн аж ахуйн нэгжийг худалдан авдаг байсныг өөрчилж, хувьцааг нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах зарчим барина. Энэ нь олон нийтэд нээлттэй, шударга өрсөлдөөн бий болгоно гэсэн үг юм.

Харин Стратегийн ач холбогдолтой, иргэдийн амьдралтай шууд холбоотой Дулааны цахилгаан станцуудын хувьчлалыг түр хойшлуулж, дахин судалж үзэхээр болжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Компанийн засаглалыг сайжруулах, эдийн засагт үзүүлэх хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор Эдийн засгийн чуулганаар яригдсан саналыг үндэслэн Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй хувьчлахаар боллоо. Ингэснээр нэг хүн дуудлага худалдаагаар хувьчлаад авах биш хүн бүр нээлттэй оролцож, хувьцаа эзэмшигч болох боломжтой. Харин цахилгаан станцууд иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг стратегийн ач холбогдолтой учир 30 хувийг хувьчлах байсныг дахиж ярилцах боллоо" гэлээ. 

Дээрх шийдвэр гарсантай холбогдуулж “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д Засгийн газраас өргөн мэдүүлэх болжээ. 
 

Н.Гантуяа
Холбоотой мэдээ