Дэлхийн иргэний нисэхийн дээд түвшний форумд оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-03 09:43:30

Олон улсын иргэний нисэхийн байгууллага ICAO-ийн “Нэг ч орон ардаа үлдээхгүй” уриатай “Тогтвортой хөгжлийн хүрээнд нисэхийн байгууллагуудын түншлэл” сэдэвт Дэлхийн иргэний нисэхийн дээд түвшний форум анхны удаа Канад улсын Монтреаль хотноо 2015 оны 11 дүгээр сарын 23-аас 25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус форумд ICAO-ийн гишүүн орнуудын Иргэний нисэхийн байгууллагууд, Олон улс, санхүүгийн байгууллагыг төлөөлсөн 800-гаад төлөөлөгчид оролцсон их чуулган боллоо. Монголын Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нямдаваа тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцоод ирлээ.

Нислэгийн хөдөлгөөн удирдлагын газрын дарга П.Ганболд Монгол Улсын агаарын навигацийн хөгжил дэвшил, цаашдын зорилтын талаар илтгэл тавьж, хурлын төлөөлөгчдөөс өндөр үнэлгээ авсан байна. ИНЕГ-ын төлөөлөгчид ICAO-ийн Зөвлөл (ICAO Council)-ийн ерөнхийлөгч Доктор Олумуива Бенард Алиу, ICAO-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Доктор Фанг Лиу, ICAO-ийн Агаарын навигацийн холбооны захирал Стефан Креамер зэрэг ICAO-ийн дээд удирдлагуудтай хамтын ажиллагааны талаар уулзалт хийсэн байна.

Холбоотой мэдээ