Залуу малчид өрхийн орлого зарлагаа төлөвлөдөг чадвартай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы таван сумын 30 гаруй залуу малчин долоо хоногийн сургалтад хамрагдаж өрхийн орлого зарлага, бизнес төлөвлөгөөг боловсруулж сурчээ.
Аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газрын дэмжлэгээр дээрх залуу малчид залуу малчдыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж малын гаралтай түүхий эдээ хэрхэн бизнес болгох, ашигтай ажиллах бизнес төлөвлөгөө боловсруулах сургалтанд хамрагдсан байна. Сургалтын үеэр тэд сүү цагаан идээгээ эрүүл ахуйн түвшинд боловсруулж зах зээлд борлуулах, аж ахуй эрхэлж сурах, бизнес төлөвлөгөө боловсруулж өөрийн өрхийн орлого, зарлагаа тооцож сурах, нэгж бүтээгдэхүүний өртгийг тооцох зэрэг мэдлэгтэй болоод зогсохгүй сургалтын дараа өөрсдөө төсөл бичиж боловсруулаад байгаа ажээ. Цаашид энэ чиглэлийн сургалтуудад малчид өөрсдийн хүсэлтээр хамрагдах боломжтой бөгөөд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр буюу 39 хүртэлх насны малчдыг малжуулах хөтөлбөрт хамрагдах боломжтой юм. Энэ хөтөлбөрийн зорилго нь цөөн малтай, огт малгүй залуу малчдад мал маллах арга ухаан, аж ахуйн ур чадвар олгох, малжуулах, улмаар гэр бүлийнх нь хамтаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх олон талын сургалтанд суулгах, өрхийн амьжиргааг нь дэмжих хөтөлбөр юм хэмээн аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газраас мэдээллээ.
Б.Мягмарсүрэн