Завханы Тэс суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 16:48:59

Завхан аймгийн Тэс суманд 365 малчин өрхийн 200 орчим мянган мал өвөлжиж байна. Өнгөрсөн хавар хур тунадастай байсан боловч зун, намрын улиралд халалт, хур тунадас бага орсон, хуурайшилт ихтэй зэргийн улмаас бэлчээр доройтож ургамлын ургалт зогсож, хатаж хагдарч өвөлтэй золгожээ. 

Сумын хэмжээнд малын тоо толгой өсөж 144142 толгой болсон боловч харин бэлчээрийн ургац сүүлийн таван жил байгаагүйгээр буурч дунджаар 2,0ц/га болсон учир өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрсэн. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх төлөвтэй. Сүүлийн 30 хоногийн 19 хоногт нь цас их бага хэмжээгээр орж цасны зузаан нэмэгдсэн байна.  Уг нь цас ихтэй ч гэсэн өвстэй жил бол манай сумын мал эрсдэл даах чадвартай байдаг. Энэ жилийн нөхцөлд мал  идэх өвс бараг ургаагүй учир өвөлжилт маш хүнд болохоор байна хэмээн сумын удирдлагууд мэдээллээ. 

Өнгөрсөн жилийн хур өвсөө нөөцөлжээ

Завханы Тэс сум өнгөрсөн зун хур тунадас бага, хуурайшилт ихтэй байсан учир  хадлангийн ургац  муу гарчээ.

Ялангуяа Дооно, Баянуул багт атаршсан талбай дээр царван ургаагүйн улмаас хадлан авах газар бага, Нисэгийн шугуйд өмнөх жилүүдээс хадлангийн ургац бага гарсан байна.  Сумын нөөцөд өнөөдрийн байдлаар нийт 64тн өвс нөөцөлж авсан. ОХУ-ын Тува улсаас малын тэжээл татан оруулж ирж буй бизнес эрхлэгч иргэнтэй 3тн хивэг авахаар гэрээ хийгээд байна. Түүнчлэн малчид өнгөрсөн жилийнхээ үлдэгдэл өвс дээр нэмж байгаа боломжоороо өвс тэжээл, хужир шүү татаж авчээ. Өнгөрсөн жилийн хур өвстэйгээ нийлээд 795тн өвсний нөөцтэй байна. Дашрамд дуулгахад Завхан мах нэгдэлд 2500 орчим бог малаа тушааж нөөцийн мах бэлдээд буй юм байна.  

                                           Малчдын судалгааг бүрэн хийж байна

Завханы Тэс суманд анх есдүгээр сард цас орж 11 сард үргэлжилсэн бороо орж, шөнөдөө цас ихээр орсны улмаас хөрсний өнгөн хөлдөлт үүссэн байна.

Сүүлийн 30 хоногт 18 удаагийн оролтоор 24,7мм цас орж  тал газраа 25-30см,  уулын ар биенд 30-35см, гуу жалганд 35-40 см зузаан цастай байна. Цасны дундаж нягт 0,15г/см3 байна. Хөрсөн дээр -37,50 С хүрч хүйтэрсэн байна. Сумаас малчдын өвс тэжээлийн захиалга, нядалж борлуулах мал, махны хэмжээ зэрэг судалгааг яаралтай авч нэгтгэх, хаагдаж болзошгүй зам даваа, отор нүүдлээр яваа айл өрхүүд болон багт өвөлжих жирэмсэн, 0-5 насны хүүхэд, ХБИ, өндөр настан, хэвтрийн хүмүүсийн судалгааг хийж байна.

Малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхолтой байна

Завханы Тэс суманд хилийн зурвас бүс нутагт өвөлжөө, хаваржаа нь байрладаг 30 гаруй малчин өрх байдаг.

Энэ жил хилийн зурвас бүс нутагт 19 өрхийн 17000 толгой мал өвөлжихөөр байна. Малчид цаг агаарын байдал хүндэрч байгаатай холбогдуулан малаа нядалж зарж борлуулах, бэлэн мөнгөтэй болж өвс тэжээл нэмж авах шаардлагатай болжээ. Өнөөдрийн байдлаар сумын хэмжээгээр 10000 гаруй хонь, 20000 орчим ямаа, 400 адуу, 500 үхэр зах зээлд зарж борлуулах хэрэгцээ бий болоод байна. Гол нь өвөлжилт хүндрэхээс өмнө малаа зарж борлуулах сонирхолтой малчид их байна.

Төр хувийн хэвшлийн гэрээгээр дулааны шугамтай болжээ

 Завханы Тэс сум нь аймагтаа хүн амын тоогоороо эхний тавд ордог томоохон сум юм.

Сумын төвийн  Зүр багт  371 айл өрх, 38 аж ахуйн нэгж байгууллага нам даралтын зуухаар халж байна.  Энэ жил Хүүхдийн цэцэрлэгийн их засварыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 129,2 сая төгрөгөөр, ЕБС-ийн 100 хүүхдийн дотуур байрны их засварыг  620 сая төгрөгөөр тус тус хийжээ.  Сумын төвийн айл өрх, албан байгуулагууд  2350 м3  мод 250 тн нүүрс  бэлджээ. Тодруулж хэлбэл тус сумд төр хувийн хэвшил  түншлэлийн гэрээгээр  төвлөрсөн дулааны шугам сүлжээг өнгөрсөн 10 дугаар сард ашиглалтанд оруулсан байна. Гэсэн хэдий ч гэрэл цахилгааны хүчин чадлаас болж  өнгөрсөн сарын 03-наас түр зогсолт хийгээд буй юм.  Тиймээс цахилгааны хүчдэлийг сайжруулах  зорилгоор Увс аймгийн Зүүнхангай суманд байрлах 250кВт дэд станцыг 630 кВт болгон өөрчилж мөн суманд 250 трансформатор шинээр тавих ажил хийгдэж дууссаны дараа дулаан халаалт хэвийн горимоор ажиллана хэмээн Тэс сумын Засаг дарга Ж.Мөнхцэцэг мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ