Монголын тамирчдын болон Олон улсын олимпийн өдөр тохиож байна

Монголын мэдээ | Спорт
gantuya@montsame.mn
2018-06-23 14:16:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын тамирчдын болон Олон улсын олимпийн өдөр өнөөдөр тохиож байна. Мөн энэ жил анх удаа Монгол Улс анх удаа олимпийн наадмаас медаль хүртсэний 50, мөн наадмаас алтан медаль хүртсэний 10 жилийн ой давхар тохиож буй юм. 

Тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ өнөөдөр Спортын төв ордны гадна талбайд боллоо. Тэмдэглэлт арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын /БСШУС/ дэд сайд Г.Ганбаяр, мөн яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат болон олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн үе үеийн тамирчид оролцлоо. Тухайлбал, ахмад тамирчдын төлөөлөл болох Монголд 1968 онд анхны олимпийн наадмын хүрэл медалийг авчирсан ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав хүрэлцэн ирсэн бол залуу үеийн төлөөллөөр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр тэргүүтэй олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон тамирчид, дасгалжуулагчид хүрэлцэн ирэв. 

Арга хэмжээний үеэр БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр “Энэ оны эхний хагаст гэхэд бид 32 орны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 97 медаль авснаас 27 алт, 21 мөнгө, 49 хүрэл медаль хүртсэн бахдам амжилттай явж байна. Мөн Пёнчаны өвлийн олимп, паралимпийн наадмаас манай улсын гурван тамирчин эрх авч, амжилттай оролцсон. Удахгүй Индонез улсын Жакарта хотод болох Азийн зуны спортын наадамд 20 гаруй төрлөөр 400 гаруй баг, тамирчид оролцох бэлтгэл ажлаа хангаж байна. Биеийн тамир, спортын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан үе үеийн алдарт тамирчин, дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчдэд баярын мэнд хүргэе” гэв.



Мөн Олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн, Монголын үндэсний олимпийн хорооны хүндэт ерөнхийлөгч Ш.Магван, олимпоос медаль хүртсэний 50 жилийн ойг тохиолдуулан Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нарт хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулав. Түүнчлэн Монголын үндэсний олимпийн хорооны дээд шагнал болох “Алтан од” одонгоор Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууган болон Монголын үндэсний паралимпийн дээд шагнал “Алтан нар” одонгоор Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав нарыг шагнаж, 1968-2004 оны олимпийн наадамд оролцсон бүх тамирчдад баяр хүргэн, Бээжин, Лондон, Рио Де Жанейро-гийн олимп, паралимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдад талархал илэрхийллээ.



Тамирчдын өдрөөр гимнастик, бодибилдинг, туялзуур сэлэм, таеквондо, сагсан бөмбөг, бокс, ширээний теннис, кэндо, спортын бүжгийн холбооноос үзүүлэх тоглолтыг олон нийтэд сурталчилж, бадминтоны аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны зааланд боллоо. 

Арга хэмжээнд мөн гавьяат дасгалжуулагч агсан С.Магсар, О.Цэрэндагва, Д.Банди, Г.Лхагвасүрэн, Ц.Бадамхатан нарт хүндэтгэл үзүүлж, гэр бүлийнхнийг нь мөн арга хэмжээнд урин оролцуулсан юм. 
Н.Туяа
Холбоотой мэдээ