Цахилгаан, эрчим хүч хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-06-26 21:25:56
Дундговь /МОНЦАМЭ/. "Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас өнөөдөр Дундговь аймгийн цахилгаан, эрчим хүч хэрэглэгчдэд зориулсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн эрхийг хамгаалах” уулзалт, өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа.

Тус уулзалт, өдөрлөгөөр цахилгаан, эрчим хүч хэрэглэгч, хангагч хоёрын хоорондох харилцааг сайжруулах зорилгоор хэрэглэгчдийн эрх зөрчигдөж байгаа эсэх, иргэдэд тулгамдаж буй бусад асуудлын талаар нээлттэй ярилцаж, иргэдийн санал гомдлыг хүлээн авчээ. Иргэд нэмэлтээр авах хогны мөнгөний хураамжийн талаар болон цахилгааны хэрэглээ удаан хугацаагаар тасарч буй талаар зэрэг өөрт тулгамдаж буй олон асуудлуудыг ярьсан байна. Хэрэглэгчдийн асуусан асуултад холбогдох байгууллага, орон нутгийн удирдлагууд хариултыг өгсөн ба төв станцад хийгдэж буй засварын ажилтай холбоотойгоор цахилгаан удаан хугацаагаар тасарч буйг тайлбарлалаа. Түүнчлэн өдөрлөгт ирсэн хэрэглэгчдээс 9 азтан шалгаруулж, 30 мянган, 50 мянган төгрөгийн хөнгөлөлтийн эрхийн бичиг гардуулан өгчээ. 



Дундговь Цахилгаан түгээх сүлжээ салбарын дарга Г.Мягмарсүрэн хэлэхдээ, “Энэ уулзалт, өдөрлөгөөр дамжуулан 130 гаруй хэрэглэгчдэд хүрч ажиллалаа. Өмнө хэрэглэгчдэд зориулсан өдөрлөгөөр зөвхөн салбарын удирдлагууд оролцдог байсан бол энэ удаа аймаг, сум орон нутгийн удирдлага болон цахилгаан, эрчим хүчийг түгээж буй холбогдох компаниудын удирдлагууд оролцож, иргэдийн асуултад хариулан, иргэдэд хэргэцээтэй мэдээ мэдээллийг өгч, буйгаараа онцлогтой” гэв.

"Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн харьяа Дундговь Цахилгаан түгээх сүлжээ салбар нь Дундговь аймгийн 10, Өмнөговь аймгийн нэг сумын нийт 6924 хэрэглэгчийг цахилгаан, эрчим хүчээр ханган ажилладаг аж.
Б.Ундармаа
Холбоотой мэдээ