Завханы наадамд аймгийн заан П.Өсөхбаатар түрүүлж аймгийн арслан цолыг хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-07-13 18:25:14

Завхан/МОНЦАМЭ/.Монгол түмний их баяр наадам Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Завхан аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж өнгөрлөө. Наадмын нээлт цэнгэлдэх хүрээлэнд болж Завханчуудын дэлхийд таниулж чадсан морин хуур хөгжмийн гайхалтай аялгуу эгшиглэж, 108 ээж сүүн цацлаа өргөж, театр урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Гэгээн муза"-14 наадмаас гурван номинацийг хүртсэн "Өндөр гэгээн" дуулалт жүжгийн жүжигчид, 24 сумын шилдэг бүжигчидын гайхамшигт тоглолт, галын тахилгаар эхэлсэн нь наадамчин олны сэтгэлийг сэргээж, мэлмийг баясгалаа. Баяр наадмыг нээж аймгийн Засаг дарга Д.Батсайхан үг хэлэв. Тэрээр баяр наадмаараа идэр чийрэг бөхчүүд нь хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадахын ерөөл өргөлөө. 

Энэ жилийн наадмын нэг онцлог бол Завхан аймгийн наадамд хүч үзэн барилдаж буй бөхчүүд наадамчин олныхоо өмнө шударга сайхан барилдахаа амлаж хоёр дахь жилдээ тангараг өргөлөө. Тиймээс барилдаан бүр үзэгчдийг догдлуулж, наадам шударга сайхан болж, зохион байгуулалт сайтай байсныг наадамчин олон ярьж байв. Ийнхүү үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 256 бөх уран мэх, бяр чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Ургамал сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, Хилчин спорт хороо, хилийн цэргийн 0277-р ангийн бөх, аймгийн заан Пүрэвээгийн Өсөхбаатар түрүүлж аймгийн арслан цолыг хүртжээ. Тэрээр өнгөрсөн жил аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цолыг хүртэж байжээ. Харин энэ жилийн наадамд аймгийн харцага М.Лхагвагэрэл үзүүрлэж аймгийн заан цолыг хүртсэн байна. Мөн энэ жилийн наадамд Эрдэнэхайрхан сумын харъяат Монгол Улсын Харцага М.Дармаабазар, Их-уул сумын харъяат  Монгол Улсын Өсөх идэр начин Ж.Оргил, Монгол Улсын начин Г.Бат-Амгалан,Түдэвтэй сумын харъяат Монгол Улсын начин У.Балжинням, Б.Бадамдорж нарын бөхчүүд хүрэлцэн ирж барилдан наадамчин олноо баясгажээ. Харин энэ жилийн наадмаар аймгийн начины болзлыг Нөмрөг сумын харъяат сумын заан Т.Хайдавдорж, Шилүүстэй сумын харъяат сумын заан Д.Батбаатар, Их-Уул сумын харъяат сумын заан С.Амарсанаа нар аймгийн начины болзлыг шинээр хангажээ. Мөн аймгийн нэмэх начин М.Амарсанаа “Өлзийт” чимэгийг хүртэж Цэргийн харцага Ш.Чинтулга, аймгийн харцага Т.Дүгэрдорж нар аймгийн харцага цолоо бататгажээ. Мөн 24 сумын баяр наадамд барилдаж шөвгийн наймд үлдсэн бөхчүүдээс гадна харьяалал харгалзахгүй барилдуулсан байна.

 Энэ жил харваачдын өрсөлдөөн эн тэнцүү байв


Завхан аймгийн баяр наадамд Завханы 24 сум, Архангай аймгийн 110 харваачид цэц мэргэнээ сорьжээ. Энэ жилийн аймгийн баяр наадамд хүүхдийн харвааг анх удаа зохион байгуулсанаас нийт 62 харваач хүүхдүүд өрсөлдөж эмэгтэй харваачдаас Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангийн сурагч Т.Дашцэрэн 32 сумнаас 23 онож тэргүүлсэн байна.
Харин Тосонцэнгэл сумын II сургуулийн 10-р ангийн сурагч Б.Адъяа хоёрдугаар байр, Улиастай сумын Дэвшил сургуулийн 10-р ангийн сурагч Д.Өлзийтуяа гуравдугаар байр, Алдархаан сумын харъяат Улиастай сумын Чандмань Эрдэнэ лаборатори сургуулийн 10-р ангийн сурагч Д.Энхжин, Тосонцэнгэл сумын II сургуулийн 10-р ангийн сурагч Ш.Оюундарь нар дөрөв тавдугаар байрыг эзэлжээ. Харин эрэгтэй харваачдаас 32 сумнаас 26 онож Тосонцэнгэл сумын Тосон Идэр мэргэн холбооны харваач Э.Цолмонбаатар тэргүүлж Тэлмэн сумын харваач Р.Цанжид, Цэцэн-Уул сумын харъяат харваач М.Хангэрэл, Нөмрөг сумын харъяат харваач Н. Адъяахүү, Тосонцэнгэл сумын Тосон Идэр мэргэн холбооны харваач Б.Энхбаяр нар тус тус удаалж энэ жилийн мэргэн харваач хүүхдүүдээр тодорсон байна. Харин насанд хүрэгчдийн мэргэн харваачдаас эмэгтэй шилдэгээр өнгөрсөн жилийн наадмын мэргэн харваач Яруу сумын харъяат Алтай Улиастай эрчим хүчний ТӨХК-ний харваач, аймгийн мэргэн Б.Содном 40 сумнаас 25 онож тэргүүлжээ. Түүний дараа Яруу сумын харваач сумын мэргэн Ш.Наранчимэг, Тосонцэнгэл сумын харваач Б.Сугар, Алдархаан сумын харъяат С.Бат-Амгалан, Алдархаан сумын харъяат харваач Д.Энхнаст нар удаалжээ. Эрэгтэй харваачдаас Архангай аймгийн Жаргалант сумын харъяат Монгол Улсын нэгдүгээр зэргийн харваач Б.Баянмөнх 40 сумнаас 31 онож энэ жилийн наадмын мэргэн харваачаар тодорчээ. Харин Тосонцэнгэл сумын харъяат Тосон Идэр мэргэн холбооны харваач, Монгол Улсын III зэргийн харваач Н.Доржготов 40 сумнаас 29 онож хоёрдугаар байр, Тосонцэнгэл сумын харъяат, Яруу сумын уугуул, Монгол Улсын II зэргийн харваач Т.Эрболд гуравдугаар байр,  Улиастай сумын харъяат, Идэр сумын уугуул, Монгол Улсын II зэргийн харваач Д.Амарбаатар, Тосон Идэр мэргэн холбооны харваач аймгийн мэргэн, спортын дэд мастер Б.Батцэнгэл нар дөрөв тавдугаар байрыг тус тус эзэлжээ. Сонирхуулахад энэ жил Завхан аймаг Даян мэргэн сургалтаар аймгийн хэмжээнд 1111 харваачтай болсон бөгөөд энэ жилийн наадамд өсвөрийн харваачид оролцож харваачдын тоо нэмэгджээ. Түүнчлэн харваачдын ур чадвар сайжирсан нь харваачдын бай, оноо тэнцэж байснаас илт харагдаж байсан тухай сур харвааны комиссоос онцоллоо.

Соёолон насны морьдын уралдааны түрүүг Шилүүстэй сумын уяач авлаа


Завхан аймгийн баяр наадмын морины уралдаан маргаангүй, эмх цэгцтэй болж өнгөрлөө. Ийнхүү азарга насанд 54 азарга уралдсанаас Их-Уул сумын уяач Төрмөнхийн цоохор азарга түрүүлж Алдархаан сумын уяач П.Бямбасүрэнгийн хүрэн азарга удааллаа.
Түүнчлэн азарга насанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач Л.Батдоржийн хүрэн азарга, Сантмаргаз сумын уяач А.Баасандоржийн хул азарга, Дөрвөлжин сумын уяач Ч.Ариунболдын хээр азарга тус тус айрагдлаа. Харин хязаалан насанд Алдархаан сумын уяач Баярсайханы бор хязаалан түрүүлж Шилүүстэй сумын уяач Х.Батдоржийн хар алаг хязаалан удаалж Улиастай сумын уяач Ж.Сүхбаатарын бор хээр, Алдархаан сумын уяач С.Алзахгүйгийн бор цоохор, Алдархаан сумын уяач Батмөнхийн хүрэн хязаалан тус тус айрагдлаа. Шүдлэн насанд Цагаанчулуут сумын уяач Заяатогтохын хээр шүдлэн түрүүлж Эрдэнэхайрхан сумын уяач С.Энхтуяагийн саарал халзан шүдлэн удаалж Дөрвөлжин сумын уяач Сайханбаатарын хээр шүдлэн, Улиастай сумын уяач Р.Сүхбаатарын бор шүдлэн, Эрдэнэхайрхан сумын уяач С.Батдэлгэрийн хүрэн шүдлэн тус тус айрагдлаа. Их насанд 79 морь уралдаж Шилүүстэй сумын уяач О.Наранбаатарын хонгор түрүүлж Эрдэнэхайрхан сумын уяач Г.Лхагвасүрэнгийн буурал удаалж Эрдэнэхайрхан сумын уяач П.Ганзоригийн хонгор халзан, Цагаанчулуут сумын уяач н.Буян-Эрдэмийн хар, Алдархаан сумын уяач Г.Идэрхангайн бор тус тус айрагджээ. Соёолон насанд Шилүүстэй сумын уяач Ш.Намхайноровын хул соёолон түрүүлжээ. Харин Алдархаан сумын уяач О.Шаравдоржийн хул соёолон удаалж Их-Уул сумын уяач Б.Цэрэнбалжирын будан, Улиастай сумын уяач н.Самбуу-Ёндонгийн сартай хар соёолон, Сонгино сумын уяач Т.Мөнх-Эрдэнийн бор соёолон тус тус айргийн тавд хурдалсан байна. Дааган насанд 52 даага уралдаж Шилүүстэй сумын уяач Х.Батдоржийн алаг даага түрүүлсэн бол Цэцэн-Уул сумын уяач Г.Лхагвасүрэнгийн хонгор даага аман хүзүүдэж Сантмаргаз сумын уяач А.Баасандоржийн хүрэн даага, Дөрвөлжин сумын уяач П.Энх-Амгалангийн саарал даага, Алдархаан сумын уяач Л.Батдоржийн буурал даага тус тус айргийн тавд хурдалжээ. Харин энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнайгаар Улиастай сумын уяач А.Амартүвшингийн даага орж наадамчин олныг баясгаж цоллуулсан байна.

Завхан аймаг хоёр дахь жилдээ улсын баяр наадмаар хоггүй цэмцгэр наадлаа


"Бидний Улиастай" ТББ-аас санаачлан зохион байгуулсан "Хоггүй наадам, цэмцгэр 
Улиастай" сайн дурын үйл ажиллагаанд Улиастай сумын ЗДТГТарган Сарлаг ХХК, аймгийн Байгаль Орчин Аялал жуучлалын газараймгийн Нэгдсэн эмнэлэгЗагасан нүд загастай ХХКНутгийн үйлс ХХКУдвал кафе, Завхан дахь тусгай олимпийн зохицуулагч, Завхан спининг клуб, Оюунлаг сурагч сонин хамтран дэмжиж оролцжээ.
Сайн дурын үйл ажиллагаанд хүүхэд залуучууд идэвхитэй оролцож наадмын үеэр хогийн уут тараах, хог цэвэрлэх, иргэдийг хоггүй наадахыг уриалж олон үйл ажиллагааг амжилттай явуулсны дүнд наадмын үеэр ийнхүү хоггүй наадаж чаджээ. Мөн наадмын үеэр иргэн бүрд хогоо хогийн саванд хийхийг үлгэрлэж үйлчилгээ эрхэлж байгаа наймаачид болон цайны газрын ажилчдад хогийн уут тарааж ойр орчмын хогийг байнга цэвэрлэж байлаа. Түүнчлэн хоггүй наадам сэдэвтэй гар зургийн уралдааныг хүүхдүүдийн дунд явуулж шилдгүүдийг тодруулан шагнаж урамшууллаа. Сайн дурын үйл ажиллагаанд санаачлагатай оролцсон хүүхдүүддээ сертификат гардуулан өгч дараагийн үйл ажиллагаанд оролцох урам өгсөн байгаа. Цаашид манай ТББ-аас “Цэмцгэр Улиастай”  хүрээнд хийгдэх үйл ажиллагаандаа зориулж хандивын хайрцаг аялуулан олон нийтийн арга хэмжээнд сайн дураараа хоггүй орчныг бүрдүүлэх, иргэн бүрийг хогоо хогийн саванд хийж сургах зөв дадалд уриалах болно хэмээн "Бидний Улиастай" ТББ-аас мэдээлэв. Дашрамд дуулгахад Завхан аймагт энэ жил "Миний гоё сум" хөтөлбөрийн хүрээнд “Эко Завхан“ аяныг зарлаад байгаа билээ. Энэ аяны хүрээнд аймгийн төрийн байгууллага, иргэд идэвхитэй оролцож өнөөдрийн байдлаар нийт 86 байгууллага, сум 70 гаруй иргэн сайн дураараа нийтийн эзэмшлийн зам талбай болон голын ай сав дагуух хогийг цэвэрлээд байгаа тухайгаа сошиал орчинд мэдээлжээ.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ