Наадмын өдрүүдэд яаралтай зургаан хагалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-07-13 19:52:54

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт баяр наадмын өдрүүдээр буюу долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай Түргэн тусламжийн тасагт ойрын 72, алсын зургаан дуудлага иржээ. Нийт дуудлагыг зүрх судасны өвчин, гэмтэл, мэдрэл, хоол боловсруулах эрхтний эмгэг, төрөх, архины хордлогын дуудлагууд эзэлжээ.
Энэ өдрүүдэд тус тасагт 24 цагаар өдөрт таван эмч, ажилласан хэдий ч эмнэлгийн эмч, сувилагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу ачаалал ихтэй ажилласан байна. Учир нь наадмын өдрүүдээр хурц олгой, нойр булчирхайн задрал, кесерав хагалгаа гэхчлэн яаралтай зургаан удаагийн хагалгаа хийгдсэн байна.
Мөн наадмын өдрүүдээр 10 эх амаржжээ. Түүнчлэн Завхан аймагт явуулын буюу амралт зугаалгаар явж буй иргэдээс хоол боловсруулах эрхтний эмгэг, хордлого, гүйлгэлт, хорхог боодог хийж байх явцдаа түлэгдэж гэмтсэн, нойр булчирхай, сахарын өвчтэй, түгжрэлд орсон иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Мөн явуулын иргэдээс яаралтай хагалгаанд ч орсон. Тиймээс явуулын иргэд болон нийт иргэдэд анхааруулахад амралт зугаалга, баяр ёслолын үеэр анхаарал болгоомжтой байх, архаг хууч өвчтэй бол урьдчилан сэргийлэх, дулааны улиралд зөв зохистой хооллох, хэт их идэхгүй байх, ариун цэврийг сахих, нөөшилсөн, даршилсан ногоо, хиам, хоол амтлагч гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалахгүй байх, архийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх. Хэрэв ходоод гэдэс хямрах, толгой өвдөх, бөөлжих, халуурах гэх мэт шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандаж зөвлөгөө, тусламж авахыг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас анхаарууллаа.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ