Наадмаар авдаг хувцас, техник хэрэгслийг бүртгэж, дансжуулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-07-18 20:39:25

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн баяр наадмын хороо хуралдаж, баяр наадмын үр дүн цаашид анхаарах асуудлын талаар санал солилцжээ. Энэ жилийн аймгийн баяр наадам гэмт хэрэг зөрчилгүй, хурдан морь унаач хүүхдийн эндэгдэл, бэртэлгүй зохион байгуулалтын хувьд сайн болсон гэж дүгнэжээ.
Гэвч цаашид анхаарах хэд хэдэн асуудал байгаа талаар хэлэлцэв. Тухайлбал хурдан морины салбар хорооноос эрлийз насыг эхэнд уралдуулсныг сайшааж, цаашид тогтмолжуулах, уралдаанаас хасагдсан морьдыг морьд гартал тусад нь хашаанд байлгах, богино долгионы станц, барианы газарт хяналтын бичлэг хийх тоног төхөөрөмжтэй болох хэрэгтэй байгаа гэлээ. Түүнчлэн аймгийн уяачдын холбооны үүрэг хариуцлагыг сайжруулах хэрэгтэйг санууллаа. Энэ жилийн аймгийн баяр наадмаар нэг унаач хүүхэд унаж хөнгөн бэртэл авсан. Морь болон унаач хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэж ажилласан. Ямар нэгэн маргаан зөрчил гараагүй байгаа. Зөвшөөрөлгүйгээр уралдааны явцад морь дагаж орж ирсэн машины эздэд хариуцлага тооцох, морь цоллуулах цагийг нягт баримтлахыг мөн анхаарууллаа. Харин бөхийн салбар хорооноос бөхийн тангараг уншихад бүх бөхчүүдээр дагаж уншуулж хэвших,  нэгийн давааны барилдах бөхчүүдийг эрт тодорхой болгох, бөхийн асарт байх ёстой хүмүүсээс өөр хүмүүс орохыг хориглохыг цаашид анхаармаар байна. Сур харвааны хувьд жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэж байгаа тул харвааны эхлэх хугацааг эрт байхаар тооцох. Сурын талбайд асар майхантай болох, спортын тэмцээнүүдийн зар мэдээллийг иргэдэд эрт хүргэж байх зэрэг саналыг хэллээ. Түүнчлэн аймгийн баяр наадмын цэнгэлдэх хүрээлэнд зориулалтын автомашины зогсоолтой болох, баяр наадмын нээлтийн бэлтгэлд эрт гарч байх.  Жил бүрийн баяр наадмаар хөрөнгө гаргаж авч байгаа хувцас хэрэглэл, техник хэрэгслийг бүртгэж, дансжуулах зэрэг олон саналуудыг энэ хурлаар хэлэлцжээ. Энэ удаагийн хурлаар хэлэлцсэн саналуудыг ирэх жилийн баяр наадамд хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ