Н.Моди Угандад айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-25 09:57:52
twitter.com/Nyamkanmk
ЭНТЕББЕ. /Xinhua/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Угандад хийх хоёр өдрийн айлчлал өчигдөр эхэлжээ. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улс худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх төлөвтэй байна.

Угандагийн Ерөнхийлөгч Йовери Мусевени нийслэл Кампала хотоос өмнө зүгт 40 км зайд орших Энтеббе хот дахь Төрийн ордондоо Нарендра Модиг хүлээн авч уулзжээ.

Бизнесийн төлөөллийн хамтаар айлчлал хийж буй Н.Моди Угандагийн Парламент хуралдаан болон Энэтхэг-Угандагийн Бизнес чуулга уулзалтад оролцож үг хэлэх ажээ. Үүний зэрэгцээ тэрбээр Уганда дахь энэтхэгчүүдтэй уулзахаар төлөвлөсөн байна.

Угандагийн Засгийн газраас гаргасан тайлангаар, тус улсын худалдааны гол түншүүдийн нэг нь Энэтхэг юм. Энэ оны долдугаар сард Уганда банкны гаргасан тайланд дурдсанаар, өнгөрсөн онд Энэтхэгээс Уганда руу хийсэн экспортын хэмжээ 599.04 сая долларт хүрсэн нь 2007 онд 293.87 сая долларт байсан экспортоос хамаагүй өссөн үзүүлэлт ажээ.

2013 онд Энэтхэгээс Уганда руу хийсэн экспортын хэмжээ 1.26 тэрбум доллар буюу хамгийн их байсан боловч энэ цаг үеэс хойш экспортын хэмжээ буурч эхэлсэн байна. Харин Угандагаас Энэтхэг рүү хийж буй экспортын хэмжээ 2007 онд 3.21 сая доллар байсан бол 2017 онд 43.69 сая доллар болж өссөн байна.

Энэтхэг эмийн бүтээгдэхүүн, машин, хуванцар, органик химийн бодис зэрэг бүтээгдэхүүнийг Уганда руу экспортолдог бол Уганда хүнсний ногоо, кофе, цай, хөвөн зэрэг бүтээгдэхүүнийг Энэтхэг рүү экспортолдог ажээ.

Д.Нямтулга
Холбоотой мэдээ